ҮНДСЭН ХУУЛЬ-д оруулсан ӨӨРЧЛӨЛТ
2019-11-15

 

УИХ шинэ Үндсэн хуулиндаа 20 жилийн дараа хоёр дахь өөрчлөлтийг хийлээ. Өмнө нь 2000 онд оруулсан өөрчлөлтийг олон нийт “дордохын 7 өөрчлөлт” гэж шүүмжилдэг. Энэ удаад уг алдаагаас засч,  цаг үе шаардсан бусад өөрчлөлтийг  оруулж, 24 зүйлийг 52 заалтыг хөндсөнийг хууль санаачлагчид онцолж байсан. Үндсэн хуулийн  хоёр удаагийн өөрчлөлтийг параментад МАН үнэмлэхүй олонхи байхдаа өөрчлөлт оруулж байгаагаараа онцлогтой. 2000-2004 онд УИХ-д МАН /хуучнаар МАХН/ 72 суудалтай байсан бол 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН-д сонгогчид 65 суудал өгч /УИХ-ын 42 дугаар тойргоос сонгогдсон Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдон УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдсөнөөр МАН эдүгээ 64 суудалтай, нэг суудлын орон гарсан/ үнэмлэхүй олонхиор төрийн эрхийг барьж байгаа.

 

Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь АН-ын зөвлөлөөс тавьсан “Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлэх” саналыг дэмжиж, холимог тогтолцоогоор УИХ-ын сонгуулийг явуулах саналыг олонхи унагасан. Тиймээс УИХ дахь АН-ын зөвлөл хуралдааныг орхин гарсан бол зөвшилцлийн ажлын хэсэгт парламент дахь гурав дахь хүчний төлөөлөл МАХН-ыг оролцуулаагүй гэж гишүүн О.Баасанхүү ч хуралдааны орхин гарсан юм. Мөн бие даагч гишүүн С.Жавхлан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх хуралдаанд анхнаасаа оролцоогүй. Харин УИХ-д шинээр байгуулагдсан ШИНЭ намын  төлөөлөл Ж.Батзандан, Л.Болд нар хуралдаанд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхэд анхнаасаа оролцон, батлалцав.  Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг чуулганы хуралдаанд оролцсон 63 гишүүн 100 хувь дэмжин баталлаа.  Үндсэн хуульд дараах нэмэлт өөрчлөлтийг тусгасан юм. Үүнд:

 

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна

 

  • Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна.
  •  Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзэж, эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөж санал болгосон бол Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар өөрөө тарах шийдвэр гаргаж болно.
  • Ерөнхийлөгч Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд анх оруулснаас хойш дөчин тав хоногийн дотор, эсхүл Үндсэн хуулийн дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулснаас, түүнчлэн дөчин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцорсонд  тооцсоноос хойш гуч хоногийн дотор Улсын Их Хурал Ерөнхий сайдыг томилоогүй бол Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргана. Энэ зүйлийн 2, эсхүл 3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гаргаснаас хойш Улсын Их Хурал арав хоногийн дотор сонгуулийг товлон зарлаж, жар хоногийн дотор явуулна. Шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ хадгална.
  • Төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах; Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болно. Ингэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно.
  • Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна.
  • Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.
  • Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно.
  • Ард нийтийн санал асуулга явуулах. Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ. Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөдийм зорилгоор ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно;
  • Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна. Намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно.

 

Ерөнхийлөгч 6 жилийн хугацаатай ганц удаа сонгогдож, Ерөнхий сайд танхимаа бүрдүүлнэ

 

  • Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ. Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө.
  • Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.
  • Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн,сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.

 

Байгалийн баялаг төрийн нийтийн өмч мөн

 

  • Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн, нийтийн өмч мөн.
  • Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно.
  • Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээг тогтоох эрхтэй. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг, төсвийн харилцааны үндсийг тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой онцлогт нийцүүлэн хуулиар тогтоож болно.

 

Ийнхүү Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж баталсан нь энэ парламентын түүхэн шийдвэр юм. УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ "Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан энэхүү томоохон нэмэлт, өөрчлөлт төр тогтвортой, түмэн амгалан, засаглал нь тэнцвэртэй, шүүх нь хараат бус, нутгийн удирдлагын тогтолцоо нь зөв болж, ТӨР ЦЭГЦРЭХ ИХ ӨӨРЧЛӨЛТ-ийг авчирна гэдэгт эргэлзэхгүй байна. Үүний төлөө бид хичээн зүтгэсэн билээ. Тиймээс ӨӨРЧЛӨЛТ маань эрүүл нийгэм, шударга улс төр, хөгжсөн эдийн засаг руу биднийг хөтлөн замчилна гэдэгт итгэлтэй байна" гэдгийг онцолсон.

 

 Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12.00 цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдөх юм. 

Н.Энхбат

 

Shuud.mn
Сонин хачин
Бэлгэдлийн шинжтэй байх ерөнхийлчийг төр засгийн ажилд хөндлөнгөөс хэт оролцох, шүүх эрх мэдлийн томилгооноос хол байлгах талаар юу ч байхгүй юмуу.
2019-11-16
Зочин:
МАН-ынхан Үндсэн хуулийн эхэнд байдаг "Монголын ард түмэн бид ..." гэдэг үг уруу нулимав.
2019-11-15
Халх:
Хулгайч, луйварчид,хүчиндэгч,ЖДЧ ид, концесийн хэрэгтэнгүүдээс бүрдсэн МАН ын гишүүд ,эцэг, хууль өөрчлөх эрхгүй байсан. Энэ хулгайчид өөрсдийн эрх ашигт нийцүүлэн хулгайгаар сэмхэн баталчихлаа. Энэ өдрийг түүхэнд ,ХАР, өдөр гэвэл зохино!!!
2019-11-15
Иргэн:
Ерөнхий сайдыг огцруулах саналыг 19 гишүүн өргөн барьдаг болсон. Засгийн газрын тогтвортой байдал ингэж үүсэхгүй. Их хурлын гишүүд шүүхрүү дайрч элдэв сенсаци үүсгэж байгаад их хурлын гишүүд өөрсдөө шүүгчийг сонгодог ерөнхий зөвлөлийн гишүүдийн 50 хувийг томилж, бусад улсын үндсэн хуульд байхгүй сахилгын хороо гэдгийг үндсэн хуульд байдаг гэсэн зүйл ярьж өөрсдөө гишүүдийн 70 хувийг батлах эрх авлаа. Их хурлын гишүүд өөрсдийн томилсон гишүүдээр дамжуулж Ерөнхий зөвлөл, Сахилгын хороог атгаж, хүссэн шүүгчээс томилуулж, хүссэн шийдвэрээ гаргуулж, үгэнд ороогүй шүүгчийг огцруулж, шүүх улс төрчдөөс хараат бус байна гэдэг ойлголт баяртай боллоо, зорилго биелэв.
2019-11-15
Иргэн:
Асуумаар зүйлүүд мөн ч их байнаа. Үнэндээ иргэд ҮХНӨ-ийн талаар мэдлэг хомс сурталчилгаа хийгдээгүй гэхэд болно доо. Өнгөрсөн 20 жилийнх шиг хяналтгүй, хариуцлага тооцох юмгүй зүгээр л нэг ийм байх юм, ийм байвал мөн сайхнаа гэсэн байдлаар ҮХНӨ хийгдэв үүдээ. Үндсэн хуулинд ганцхан хариулагын тогтолцоог л алга болгочиход улс орон сүйрэлд ордог юм байна шдээ. Их засаг хуулийн 51-р зүйлд "Хэрэв албат иргэд нь хулгай хийвэл түүнийг болон эзнийг шийтгэх хэрэгтэй. Эзэн нь хулгай хийвэл албат иргэдийг шийтгэхгүй бөгөөд эзний өмч хөрөнгийг хураан авч, албат иргэдэд нь тарааж өгөх хэрэгтэй" гэсэн шиг амьдралд хэрэгжих үр дүнгээ өгөх заалт аль орсон бэ?
2019-11-15
Иргэн:
1.Нэгдүгээр бүлэг Нэгдүгээр зүйл 2. Ардчилсан ёс, шудрага ёс, эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэсэн 20 гаруй жил хэрэгжээгүй ТУНХАГ яаж хэрэгжихийг ҮХНӨ-д хэрхэн тусгасан вэ? а/Буруу шийдвэр гаргасан хуульч ямар ял эдлэх вэ? б/ Улсын өмч хөрөнгийг үрэн таран хийж завшсан төрийн албан хаагч албан тушаалаа өгч нэг салаад /өр төлбөрөө хэрхэн дарах вэ/ жаахан мартагнуулж байгаад өөр өндөр албан тушаалд томилогдох уу? гэх мэтээр ийм зүйлүүдийг органик хуулиар зохицуулна гээд хөөн хэлэлцэх хугацааны тухай гаргасан хууль шиг хууль гаргаж зохицуулах уу Ойлгомжгүй тодорхой юмгүй зүйл их байгаа
2019-11-15
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. /ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД, ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮДИЙГ НИЙТ СОНГОГЧДЫН ГУРАВНЫ НЭГИЙН ОРОЛЦООТОЙГООР, НЭГ ТОМ ТОЙРГООР ОЛОНХИЙН САНАЛААР СОНГОНО./
2019-11-15
газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний хөгжлийн санд төвлөрүүлж ирээдүйн хөгжлийн стратеги зорилтыг шийдвэрлэхэд зарцуулна.
2019-11-15
Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлийн баялаг ард түмний өмч мөн бөгөөд түүнийг ашиглуулах, эзэмшүүлэх,захиран зарцуулахтай холбоотой асуудлаар ард нийтийн санал асуулга явуулж шийднэ. Ой, усны нөөц, ан амьтанг төрийн хуулиар ашиглах, эзэмшүүлэх,захиран зарцуулах асуудлыг шийднэ.
2019-11-15
Иргэн:
Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг зарчим байдаг байхаа. Эзэн тодорхойгүй юмыг авсан бол хулгайч болдог. Тэд УИХ хулгай хийлээ.
2019-11-15
Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь /гуравны нэгээс доошгүй нь/Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи/гуравны 2-оос дээшхи нь дэмсэн бол/уг саналыг дэмжсэн бол
2019-11-15
Уул гишүүн бишээ тухайн гишүүн
2019-11-15