Хамгийн өгөөмөр тэрбумтан Чарльз Фини 15 долларын цаг зүүдэг
2019-11-16

 

 Хүн бүр л мөнгө хуримтлуулах дуртай. Мөнгөө зарлагадахгүй, дансандаа л ихээр хуримтлуулахыш хүсдэг хүн олон.  Харин амьд ахуйд зарлагадаагүй хөрөнгө нөгөө ертөнцөд огт хэрэггүй гэдгийг ухаарсан хүмүүс цөөн байдаг бөгөөд тэд төрөл бүрийн буяны санд хөрөнгөө хандивладаг. 

 

Тэдний нэг нь, дэлхийн хамгийн өгөөмөр хүмүүсийн нэг гэгддэг, Duty Free  сүлжээ дэлгүүр үүсгэн байгуулагч Чарльз Фини. Бусад хүмүүс мөнгө хуримтлуулж байхад тэрбээр амьд ахуйдаа 7,5 тэрбум долларыг бусдын сайн сайхны төлөө хандивлажээ.

 

Чарльз Америкийн нэгэн жижиг хотод, ядуу ирланд цагаачдын гэр бүлд төржээ. Амьдралыг нь өөрчилсөн үйл явдал Солонгосын дайн байв. Дайн дуусахад цэргүүдэд ихээхэн хэмжээний мөнгөн шагнал өгсөн бөгөөд үүгээр Чарльз сургалтынхаа төлбөрийг хийжээ. 

 

Корнелын бизнесийн сургуулийг төгссөн Чарльз Францыг зорьж, бизнесээ нээжээ. Тэнд Америкийн цэргийн хөлгүүд зогсдог байсан бөгөөд залуу эр тэнгисийн цэргийнхэнд татваргүй согтууруулах ундаа зарахаар шийджээ. Өмнө нь цэрэг байсны дээр дайнд оролцож байсан хувьд тэнгисийн цэргийнхэнтэй амархан хэл амаа ололцсон бөгөөд бизнес нь ч өсөн дэвжив. 

 

Энэ үеэр Японы эдийн засгийн тэсрэлттэй хөгжлийн үе таарч, дэлхий даяар Япон жуулчид олноор жуулчлах болжээ. Нөхцөл байдлын давуу талыг ойлгосон Чарльз жуулчдын урсгалыг дагаж, бизнесээ өргөжүүлэн, дэлгүүрүүддээ Ази төрхтэй, хүн татахаар бүсгүйчүүдийг ажиллуулах болов. Харин дэлгүүртээ бэлэг дурсгал, навчин тамхи, согтууруулах ундааг татваргүйгээр худалддаг байжээ.

 

 
Duty Free Shoppers сүлжээний анхны дэлгүүр 1960 онд Хонконгод нээгдэн, дараа нь АНУ-ын эрэг дагуу хэд хэдийг нээсэн бол улмаар дэлхий  даяар энэ сүлжээ тархжээ. Ингээд Чарльз Фини 10 жилийн дотор 300 сая гаруй доллар олсон бол 1988 онд Форбс сэтгүүл түүнийг манай гаригийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 31 дүгээрт оруулж байв.

 

Форбс сэтгүүл түүний хөрөнгийг зөв тооцоолсон ч тухайн үед мөнгөний ихэнх хэсэг нь Чарльз Финид хамааралгүй байсан юм. Тэрбээр өөрийн байгуулсан The Atlantic Philanthropies буяны санд бүхий л хувьцаагаа шилжүүлсэн бөгөөд энэ нь долоон тэрбум орчим долларын хөрөнгө аж. 

 

Энэ сан боловсрол, эрүүл мэнд, хүний эрхийн чиглэлээр дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг ч Чарльз Финигийн эх орон Ирландад онцгой анхаарал хандуулдаг байна. Ирландад түүнийг бүхнээс их зүйлийг улсынхаа төлөө хийсэн гэж хүндэлдэг аж. 

 

Чарльз Фини буяны үйлсэд асар их мөнгө хандивлан үүгээрээ олон хүнд сэдэл болсон анхны тэрбумтнуудын нэг бөгөөд Билл Гейтс, Уоррен Баффет нар Фини тэдний хувьд үлгэр жишээ болсон гэж ярьж байв. 

 

2020 онд түүний үүсгэн байгуулсан сангийн үйл ажиллагаа зогсох бөгөөд тэр үед санхүүжилт дуусах төлөвтэй байгаа гэнэ. 

 

Санг үүсгэн байгуулагч Чарльз Фини өдгөө 88 настай, өөртөө хоёр сая доллар үлдээсэн бөгөөд өөрийн байргүй, 15 долларын цаг зүүдэг гэнэ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Yea:
Manai darga nar 1000 $ tsalintai baij 100000$ iin tsag zuudeg.
2019-11-18
Манай шуналтнууд энэ өгөөмөр хүний тэнэгийг гайхаж буй биз
2019-11-17
Зочин:
Түүхийг гоё бичлдээ
2019-11-17
зочин:
Фини ухаалаг бизнесмэн байна. Монголын төрд гарсан олигархиуд буян үйлдэхийг мэдэхгүй, хулгайлсанаа оффшорт аваачиж дараад гадныханы зууш бэлтгээд өөрөө нүд аних тавилантай юм шигээ. 15 саяын цаг зүүгээд сэтгэл нь ханахгүй шунал тэдэнд байна.
2019-11-17