С.Амарсайханыг дуурай, дарга нар аа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хууль хэрэгжүүлэх захирамжийг өнгөрсөн баасан гаригт гаргав. Тухайн захирамжид:
“Төрийн албаны тухай хууль, Захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангаж төрийн байгууллагын эд хөрөнгө, техник, албан мэдээллийг хувийн зорилгоор ашиглан завшихгүй байх, ажил үүргээ цаг тухайд нь биелүүлж ажиллахыг төрийн байгууллагын удирдлага, төрийн албан хаагчдад зөвлөсүгэй” хэмээжээ.
Мөн төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл /автомашин/, мэдээллийг албаны бус зорилгоор өөрөө болон бусдад ашиглуулсан төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх,төрийн албанд дахин ажилууллахаас татгалзах үндэслэл болох Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтын дагуу арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд, холбогдох эрх бүхий албан тушаалтнууд, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай гэжээ.
Энэ нь Төрийн албаны тухай хуулийн Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийн
39.1.11.албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших гэх заалтыг хэрэгжүүлэхийг даалгав. Гэхдээ түүний захирамж нийслэлийн төр захиргааны байгуулагын албан тушаалтнуудад л хамаатай.
Тэгэхээр бусад дарга нар ч хотын даргын жишгийг дагавал төрийн өмчийг хувьдаа ашигладаг бэртэгчин нэрнээсээ салах боломжтой. Албаны унаагаар эхнэр хүүхдээ зөөсөн “хэрэгтнүүдийг” хуулийн байгууллагынхан тэргүүлж байгаа. Гаалийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Гадаад иргэн харьяатын газар, Цагдаагийн ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын газар зэргээр хуулийнхан хуулиа зөрчсөн нь илэрсэн. Тэгэхээр одоо хуулийнхан өөрсдөдөө зориулж, хууль зөрчихгүй гэсэн тушаал захирамж гаргасан нь дээр. Мэдээж, зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээхээ ч бичих ёстой. Иргэдээс хуулийн хэрэгжилтийг шаардаж, хариуцлага нэхэх ёстой албан тушаалтнууд өөрсдөө хууль зөрчсөн нь үнэндээ эмгэнэл. Бусдаас бурууг яаж хайна, ичмээр.
Уг нь хуульгүйдээгүй. Заавал ёсзүйн дүрэм баталж, тушаал захирамж гаргаад байх шаардлагагүй. Төрийн албаны тухай хуулинд тов тодорхой заагаад өгсөн, төрийн өмчийг хувьдаа ашиглаж болохгүй шүү гээд. Гэвч бүгдэд зориулсан хууль хэрэгждэггүйгээс хойш одоо өөрсдөдөө зориулсан тушаал, захирамж гаргасан нь дээр. Яг л нийслэлийн Засаг дарга шиг. Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав тухайлбал, цагдаа нартаа зориулж, тушаал гарган, зөрчсөнд нь хариуцлага тооцоод явчих. Дор бүрнээ л хичээвэл цэгцрэх юмандаа орох байлгүй дээ.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ төрийн албан хаагчдын ёсзүйн дүрэм гэсэн зузаан ном гаргахаа удаа дараа мэдэгдээд л буй. Гэвч хэзээ гарах нь тодорхойгүй. Тэрийг гарахыг хүлээвэл төрийн албаныхныг зах замбараагүй үйлдэл гарсаар л байна. Тэгэхээр тэр дүрэм гартал ядаж дарга нар албан хаагчдаа цэгцэлж, төрийн хуулийг сахиулж байвал иргэн бид баярлана. Учир нь иргэд хуулиас, хууль сахиулагчаас айж, тэд өөрсдөө хуулин дээр гишгэдэг шударга ёс байх ёсгүй. Бид ардчилсан улсын иргэн, нэг л өдөр хууль сахиулагч танаас хэн нэгэн иргэн хуулийн хариуцлага нэхвэл хэлэх үг бий гэж үү?! Энэ янзаараа бол хууль сахиулагч та бүхэнд хууль гэж дуугарах ч эрх үлдэхгүй бололтой.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ