Үндсэн хуулийн өөрчлөлт иргэн бүрт өгөөжтэй юу
2019-11-18

 

Үндсэн хуульд өөрчлөлт оруулан баталсан нь  энэ парламентын үндсэн ажил, МАН-ын амлалтын нэг хэсэг хэдий ч түүхийн хуудсанд тодотгон бичигдэх үйл явц гэдэгтэй маргах нэгэн байхгүй. УИХ-ын нэр бүхий 62 гишүүн өргөн барьсан уг хуулийн төсөлд 19 зүйл, 36 заалтад өөрчлөлт оруулан баталсан байна. Үндсэн хуулийн энэ өөрчлөлт эрс шинэчлэл авчирна, төр цэгцэрнэ гэж спикер онцолж байна лээ. Хууль санаачлагчид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлгийг орон даяар зохин байгуулж, зөвлөлдөх уулзалт хийж бүхий л салбарын төлөөллийг хамруулсан, хагас сая давсан иргэнээс санал авсан гэж байгаа. Гэвч Үндсэн хуульд ямар өөрчлөлт орсныг иргэд өнөөдөр  ч асуусаар байгаа нь үнэн. Ард нийтийн санал асуулга явуулсан тохиолдолд ч олон нийт Үндсэн хуулин дахь өөрчлөлтийн талаар мэдээлэл дутмаг байхаар харагдсан. Учир нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу, үгүй юу гэсэн асуултыг л ард нийтээс асуухаар байсан.  

 

Байгалийн баялгийг ирэх жилүүдэд иргэн бүр тэгш хүртэх үү

 

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр парламентын ардчиллыг төлөвшүүлэх, ард түмний засаглах эрхийг хангах, гүйцэтгэх эрх мэдэл, шүүх, нутгийн удирдлагатай холбоотой асуудлыг хөндсөн. Иргэн бүрт хамааралтай өөрчлөлт нь байгалийн баялгийг тэгш хуваарилахтай холбоотой Үндсэн хуулийн 6.2 дахь заалт юм.  Үүнд, "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.  Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ.  Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй.     Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан.

 

Улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөбөртөө 2008 оноос хойш байгалийн баялгаас иргэн бүртээ хувь хүртээнэ гэсэн амлалтыг шигтгэсээр ирсэн Гэвч  Эх орны хишиг,  “1072 хувьцаа”  л  гурав дахь парламентын нүүр үзэж байгаа  ч иргэн бүртээ хүрээгүй л байна. Харин Үндсэн хуулийн 6.2 дахь заалтаар байгалийн баялаг төрийн нийтийн өмч болсноор  хэр ахиц авчрах нь  хууль хэрэгжсэний дараа мэдрэгдэнэ. Иргэдэд хамаарах энэ заалтыг “цонхны цаанаас долоолгосон чихэр” төдийгөөр эрх баригчид хандах вий гэсэн болгоомжлол ажиглагчдад байна лээ.  

 

Найм жилийн дараа мөрдөгдөх улс төрийн намын гишүүнчлэлийг өндөрсгөсөн босго

 

Өнөөдөр улс төрийн хүчин 801 хүний гарын үсэг зурж,  зорилт, хөтөлбөрөө дэвшүүлснээр УДШ-д бүртгүүлэн баталгаажуулж байгаа. Энэ нь зарим нэг бизнес эрхлэгчид компанийн ажилчдаасаа бүрдүүлэх хэмжээний тоо гэдэг. Энэ нь ч үнэн. Тиймээс ч улс төрийн намыг улсын хэмжээний, компанийн, нэг хүний гээд   тодотгодог.  Өмнө нь  Үндсэн хуульд  улс төрийн намын тухай заалт байгаагүй юм билээ. Харин энэ удаагийн өөрчлөлтөөр гурван заалт тусгажээ. Ингэснээр нам Үндсэн хуульд заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллах, намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулах юм. “Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэсэн Үндсэн хуульд заасан. Энэ нь СЕХ-ны гаргасан тооцооллоор 20 мянга орчим гишүүнчлэлтэй байх юм. Гэхдээ энэ заалт  2028 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс буюу найман жилийн дараагааар мөрдөгдөхөөр байгаа. Хууль хэрэгжихээс өмнө тухайн үеийн парламент нь дахин өөрчлөлт оруулчихгүй бол. Учир нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш 8 жилийн дотор дахин өөрчилж болдоггүй журмын заалттай.  Үүнтэй зэрэгцээд намын санхүүжилт, үйл ажиллагааны ил тод байдлын талаар журмын хуульд өөрчлөлт оруулах юм билээ. Гэвч энэ заалт цаасан батлагдсан ч замаасаа өөрчлөгдөх хардлагыг дагуулж байгаа юм.

 

Төсвийн мөнгийг  зарцуулсан ч ажлыг нь царцаадгийг зогсооно

 

Засгийн газраас жил бүрийн улсын төсвийг боловсруулж оруулж УИХ-аар хэлэлцүүлэн баталдаг.   Хэлэлцүүлгийн явцад төсвийн төсөл анх өргөн мэдүүлснээсээ  өөрчлөгдөн, батлагддаг хэмээн шүүмлэл дагуулдаг. Учир нь тойргоос сонгогдсон гишүүд тухайн аймаг, нутаг дэвсгэрт хөрөнгө оруулалт хийх гэж төсвийг нэмсээр, танагдах бус зарлага нэмэгдсээр ирсэн. Харин Үндсэн хуулийн өөрчлөлтөөр “УИХ улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болно, ингэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж болохгүй” гэдгийг тусгаж өгсөн. Энэ нь УИХ-ын гишүүд тойрогтоо төсвийн мөнгөөр  хөрөнгө оруулалт хийхээр зүтгэх боломжийг хязгаарлаж өгсөн сайн талтай. Тэгээд ч жил бүрийн  төсөвт аймаг, орон нутагт  тэрбум тэрбумаар нь хөрөнгө оруулалт тусгадаг ч мөнгө нь зарцуулагдсан хэрнээ ажил нь царцаагдаж, дараа жилийн төсөвт дахин орж ирсээр байдаг билээ.

 

Энэчлэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр  “давхар дээл”-ийг тайлж, Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүн байхаар хязгаарлалт тогтоож, УИХ-аас томилогдсон Ерөнхий сайд танхимын гишүүдээ өөрөө томилж, чөлөөлж, огцруулдаг байх,  Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгохоор тусгаж, шүүхийг, шүүгчийг хараат бусаар ажиллах бололцоог хангах зэрэг зохицуулалтыг тусгаад байгаа юм.  Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны 12:00 цагаас мөрдөж эхэлнэ. 

Н.Энхбат

 

Shuud.mn
Сонин хачин
Мөнхнаран ээж
2019-12-20
Иргэн:
Намуудыг хатуу гишүүнчлэлгүй болгох байсан юм, Гэхдээ гарц байна, Бүгдээрээ над шиг нам бус болчихооч ээ
2019-11-18
irgen:
irged oorsdoo toriinhon yndsen huulia mordohgui zorchvol shuud ilryylj arag hemjee avahiig shaardah l heregtei,
2019-11-18