АНУ-ын цэргийн зардал төлөхийг эсэргүүцэн солонгосчууд жагсав

БНСУ-д байрлах АНУ-ын цэргүүдийн зардлыг нэмэгдүүлэхийг АНУ хэдэнтээ шаардсаныг эсэргүүцэн Сөүл хотноо даваа гаригт эсэргүүцлийн жагсаал болсон байна.
Ёнхап агентлагийн мэдээлснээр Батлан хамгаалахын судалгааны хүрээлэнд өнөөдөр хоёр орны хооронд дээрх асуудлаарх ээлжит хэлэлцээр болох бөгөөд энэ хүрээлэнгийн гадна эсэргүүцлийн жагсаал болжээ.
Тавь гаруй төрийн бус байгууллагын төлөөлөгчид, үйлдвэрчний эвлэлийн холбоод Засгийн газарт хандан төлбөрийг царцааж, АНУ-ын 28 мянган цэргийн бие бүрэлдэхүүнийг цөөлөх эсвэл нэг мөр гаргах хэлэлцээрийг эхлүүлэхийг шаардсан байна.
Түүнчлэн АНУ Өмнөд Солонгост цэргээ байршуулж байгаа нь Хятад, Оросыг тогтоон барих гэсэн зорилготой ч энэ ажиллагааныхаа зардлыг Сөүлээр төлүүлэх гэж байгааг буруушаасан байна.
Улмаар жагсагчид даваа гаригийн орой Сөүл дэх Америкийн элчин сайд Харри Харрисын байрны гадаа лаатай жагсаал зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энд дуулгахад, АНУ-ын цэргүүдийг нутагтаа байлгасны зардалд Сөүл энэ жил 8,2 хувиар өссөн дүн буюу 915 сая ам.долларыг төлсөн байна. Мөн Вашингтон энэ зардлыг тав дахин өсгөж 4,7 тэрбумд хүргэхийг нэг бус удаа Өмнөд Солонгосоос шаарджээ.
АНУ-ын цэргийн хүчин Солонгосын дайны үеэс хойш Өмнөд Солонгост байрлаж байгаа бөгөөд 1950 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр баталсан батлан хамгаалахын туслалцааг харилцан үзүүлэх тухай хэлэлцээрийн дагуу цэргүүдийг байршуулдаг аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ