"Чамайг даа!" хүүхэлдэйн кино шинэ дүрүүдтэй болно
2019-11-18

Зөвлөлтийн "Чамайг даа!" хүүхэлдэйн киноны шинэ ангиуд 2020 оны зун нээлтээ хийхээр төлөвлөж байгаа бөгөөд шинэ дүрүүдтэй болно гэж "Союзмультфильм" студийн удирдах зөвлөлийн дарга Юлиана Слащева мэдээлснийг "Комсомольская правда" дамжууллаа.

 

Түүний өгүүлснээр киноны гол дүрийн баатрууд нь чоно, туулай хэвээр байх бөгөөд тэдний эргэн тойронд бүх үйл явдал шинэ дүрүүдтэй өрнөх аж. Харин дүрүүдэд ямар жүжигчид дуу оруулах талаар хараахан шийдээгүй байгаа гэнэ. 

 

"Та бүхний мэдэж байгаачлан "Чамайг даа!" хүүхэлдэйн кинонд харилцан яриа байдаггүй. Гагцхүү цөөн үгс, уулга алдах, хашгирах, инээх зэрэг дуу авиа гардаг. Шинэ ангиуддаа бид домогт төслийн анхдагч хэв маяг, дуу хоолойг хадгалахын тулд ихээхэн анхаарна" хэмээн Слащева өгүүлжээ. 

 

Дашрамд дуулгахад, 1969 онд анхны анги нь бүтээгдэж байсан "Чамайг даа! " хүүхэлдэйн кино 26 шинэ ангитай болох юм байна. 

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин