Вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийг цэцэрлэг, сургуульд элсүүлэхийг хоригложээ
11-18

 

Герман улс бүх хүүхэд улаан бурхан өвчний тарилга зайлшгүй хийлгэх хууль баталжээ. Энэ хуулийн дагуу хүүхдүүд нь урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдсан гэдгийг батлаж чадаагүй эцэг эхчүүд их хэмжээний торгууль хүлээх юм байна. 

 

Германы парламент эцэслэн батласан, улаан бурхан өвчнөөс хамгаалах тухай хууль ирэх оны гуравдугаар сараас эхлэн үйлчлэх аж.

 

Хуулинд зааснаар, 2021 оны долоодугаар сарын 31 хүртэлх хугацаанд эцэг эхчүүд хүүхдүүдээ сургууль эсвэл цэцэрлэгт өгөхийн тулд улаан бурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдсныг батлах баталгаа үзүүлэх ёстой гэнэ. Мөн сургуулийн багш, цэцэрлэгийн сурган хүмүүжүүлэгч болон бусад ажилтнууд, эмч нар ч мөн вакцинд зайлшгүй хамрагдах аж.

 

Урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдсаныг батлах баталгаа үзүүлээгүй бол 2500 еврогийн торгууль хүлээх бол тарилгад хамрагдаагүй хүүхдүүдийг элсүүлсэн цэцэрлэгийн захиргаа ч мөн торгуулах юм байна. 

 

Энэхүү арга хэмжээ нь сүүлийн үед Европын орнуудад улаан бурхан өвчин ихээр тархсантай холбоотой гэж DW агентлаг мэдээлсэн байна. 2019 оны эхний хоёр сард гэхэд л Европд улаан бурхан өвчний 34300 тохиолдол бүртгэгджээ. Харин 2017 онд 25869 тохиолдол, 2016 онд 5273 тохиолдол бүртгэгдэж байсан аж.

 

Улаан бурхан өвчний дэгдэлт вакцинжуулалтад бүрэн хамрагдахгүй байгаатай холбоотой бөгөөд тиймээс энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад зайлшгүй хамрагдах хууль батласан байна.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин