Шийдвэрлэх тулааны өмнө
11-19

 

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг 2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны “F” хэсгийн тав дахь тоглолтоо өнөөдөр 18:30 цагаас Мьянмарын талбайд хийхэд бэлэн болоод байна. Мьянмарын шигшээ тав хоногийн өмнө ДАШТ-ий урьдчилсан шатны дөрөв дэх тоглолтоо Тажикистаны эсрэг хийж, талбайдаа 4:3-аар ялалт байгуулсан.

 

“Азийн арслангууд” хочит Мьянмарын талбай ямар ч багийн хувьд хатуу талбар. Кыргызстантай өмнөх ДАШТ-ий урьдчилсан шатны хүрээнд тоглож 2:2-оор тэнцсэн, сая Тажикистаныг 4:3-аар буулган авсан, Японы шигшээг хүлээж аваад хоёр бөмбөгний зөрүүгээр л хожигдсон гээд сүрдэм үзүүлэлтүүд дагалдаж байгаа юм. Эсрэгээрээ манай шигшээ ДАШТ-ий хүрээнд зочлон тоглолтоос оноо авч амжаагүй байна. 2011 онд ДАШТ-ий урьдчилсан шатны хэсгийн эрхийн төлөөх тоглолтуудад талбайдаа 1:0-ээр хожсон ч Мьянмарын гэрт зочлоод 2:0-ээр ялагдал хүлээж цааш шалгарах боломжгүй болж байв.

 

Хэдий амар байхгүй ч Монголын шигшээ багийн залуус Мьянмарын талбайгаас оноо авч, дараагийн ДАШТ-ий хэсгийн шатанд өрсөлдөх эрхээ авахын төлөө бүхий л хүчээ дайчлах нь гарцаагүй. Одоогоор Монгол, Мьянмарын багууд адил гурван оноотой байгаа. Тэнцэхэд л хоорондын тоглолтод хожсон гэсэн дүрмээр манай шигшээ Мьянмарыг ардаа хийж, энэ оныг үдэх учраас “Талын хөх чононууд” 2019 оны хамгийн сүүлийн бөгөөд чухал тоглолтоо хийх гэж буй билээ.

 

Өчигдөр тоглолтын өмнөх хэвлэлийн хурал болсон бөгөөд Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайсс: "Бид Мьянмарт ирэхээсээ өмнө Камбожтой нөхөрсөг тоглолт хийсэн. Энд цаг агаар тэс өөр байгаа ч гэсэн бидэнд асуудал болохгүй гэж бодож байна. Би өмнө нь Янгонд хоёр ч удаа ирж байсан. Мьянмарын шигшээ баг эхний тоглолтыг бодвол илт сайжирсан гэдэг нь харагдаж байна" хэмээжээ.

 

О.Баяр

Shuud.mn
Сонин хачин