Ерөнхийлөгч нотлох уу, хориглох уу?
2019-11-19

 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эхийг УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн барьж, танилцуулав.  Ингэснээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулан баталснаас хойш ажлын хоёр өдрийн дотор спикер Ерөнхийлөгчид биечлэн хүргэх хуулийн заалтыг ёсоор болголоо.

 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн 28.5 хувийг буюу 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтыг хөнджээ.  Эдгээр өөрчлөлтөөр Үндсэн хуульд 2000 онд оруулсан долоон өөрчлөлтийн зургааг нь, байгалийн баялаг ард түмний мэдэлд байж, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох,  Монгол Улсын нийгэм-эдийн засгийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, бодлогын уялдаа холбоо, залгамж чанар, нэгдмэл байдлыг хангах, хууль санаачлах эрхийн болон Ард нийтийн санал асуулга явуулах хүрээ хязгаарыг тодорхой болгох, улс төрийн намууд улсын хэмжээнд бодлого дэвшүүлж ажиллах, үйл ажиллагааны үндсэн зарчим, санхүүгийн эх үүсвэр, зарцуулалт нь ил тод байх, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах замаар иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, нутгийн өөрийн удирдлага, хот тосгоны эрх зүйн үндсийг боловсронгуй болгох зэрэг зохицуулалтуудыг тусгасан.

 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, түүний дотроос Ерөнхийлөгчийн болон парламентад суудалтай АН, бусад улс төрийн хүчнүүдээс ирүүлсэн төсөл, саналууд нь нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан төсөлтэй агуулга, томъёоллын хувьд үндсэндээ давхацсан бөгөөд төсөлд нэгдэн туссан  гэдгийг спикер онцолж байна лээ.

 

Харин УИХ-ын дарга Үндсэн хуулийн өөрчлөлтийн эхийг Ерөнхийлөгчид биечлэн өргөн барьсанаас хойш ажлын 7 хоногийн дотор Ерөнхийлөгч нотлон баталгаажуулах хуулийн заалттай. Ерөнхийлөгчийн хариу өгөх сүүлийн хугацаа ажлын цагаар тоолвол Монгол Улс тусгаар тогтнолоо тунхагласан өдөр, Чингис хааны мэндэлсэн өдрийн гээд их амралттай өдрийн дараагаар эцэслэж байна. Гэхдээ төрийн тэргүүн энэ хугацааг заавал мөрдөх албагүй, ажлын 7 хоногийн дотор судалж, үзээд хариугаа хүргүүлэх нь нээлттэй.

 

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг судлах, хэлэлцүүлэх, зөвшилцөх ажлын хэсгийг Ерөнхийлөгч ахлан ажилласан.  Ингэхдээ Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл, саналд тусгагдсан байгалийн баялаг төрийн нийтийн өмч байх, хууль санаачлах эрхийн болон Ард нийтийн санал асуулга явуулах хүрээ, хязгаарыг тодорхой болгох, шүүхийг тойргийн зарчмаар байгуулах зэрэг асуудлуудыг багтсан юм.

 

Харин ЕТГ-ын дарга З.Энхболд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн чуулганы хуралдаантай өдөр “"УИХ Үндсэн хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын “давхар дээлгүй сайд” саналыг дэмжиж оруулахгүй бол хориг тавихаас өөр аргагүй болно" гэсэн байр суурийг цахимаар илэрхийлж байсан.  Учир нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд Ерөнхийлөгчийн үгээс “Ерөнхий сайдыг УИХ-ын гишүүнээс томилж болно. Харин Засгийн газрын гишүүд УИХ-ын гишүүн байж болохгүй” гэсэн төсөл саналыг өргөн барьсан ч дэмжигдээгүй. Харин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд гүйцэтгэх засаглалтай холбоотой АН-ын Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх саналыг тусгасан. Тиймээс нэмэлт өөрчлөлтөд:

 

-Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын 4-өөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүн байж болно.

 

-Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ.

 

-Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө гэж тусгасан.

 

Энэ асуудалд  Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын “гишүүнийг дан дээл”-тэй томилвол гүйцэтгэх засаглал парламентаас дэмжлэггүй болж, тогтворгүй байх магадлалтай гэж хууль санаалагчид үзэж байсан. Гэхдээ Ерөнхийлөгч өнөөдрийн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг бүрэлдэхүүнийг “100 хувь давхар дээл”-тэй байхыг дэмжсэн. Өнөөдрийн Засгийн газар Ерөнхий сайд нь гаднаас томилогдсон “дан дээл”-тэй,  бусад сайд нар 100 хувь “давхар дээл”-тэй. Басхүү Ерөнхийлөгч тухайн үед Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж, сайдаар ажиллаж байхдаа ч “давхар дээл”-тэй сайд байсныг хэн бүхэн мэдэж байгаа. Харин Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх үед сайд нар “давхар дээл”-тэй байхыг  эрс эсэргүүцсэн.  Энэ нь Төрийн тэргүүний үг, үйлдэл хоёр зөрчсөнтэй агаар нэгэн гэж зарим ажиглагчид үзэж байна лээ.

Ямартай ч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эхтэй Ерөнхийлөгч танилцаж байгаад нотлон баталгаажуулах уу, хориг тавих уу гэдгээ шийдвэрлэн, хариу өгнө. Харин УИХ Ерөнхийлөгчөөс ямар ч хувилбараар хариу ирсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эхийг олонхиороо бататгах юм.

Н.Энхбат

 

Shuud.mn
Сонин хачин
МИНИЙ МОНГОЛ:
ХИЙСЭН ШИГ ХИЙСЭНГҮЙ СЭГЛЭЭД ХАЯЧИХЛАА ДАА НОВШНУУД,,, ҮРГЭЛЖ ӨӨРСДӨӨ ҮЕ УЛИРАН ДАРГА БАЙХ СОНИРХОЛДОО ДИЙЛДЭЭД ДЭМИЙ Л ЮМ ХИЙЛЭЭ ДЭЭ,,, МАН МӨНХ БИШ АРД ТҮМЭН ЦАГ ХУГАЦАА ХОЁР Л ШИИДНЭ ШҮҮ ДЭЭ,, АТАА ЧӨТӨӨ ИХТЭЙ ЭНЭ УЛСАД МАШ САЙН ХУУЛЬ Л ХЭРЭГТЭЙ ,, БАЙСАН ЮМ ДАА,, ХЭН ХЭНТЭЙГЭЭ БАРИЦАЛДААД БАЙХГЙ ТМ САЙН ЗОХИЦУУЛТТАЙ ХУУЛЬ ХЭРЭГТЭЙ БН
2019-11-20
зочин:
Үндсэн хууль ч сэглэгдэв. ҮХЦ ч дампуурч өгзөг болов. Бүхэлдээ Монгол дамдуурав.
2019-11-19
K:
Zurag ni kharin dajgui uu kkkk
2019-11-19