Шинэ нээлт: Загасны аж ахуйн хаягдлаар биохуванцар бүтээжээ
2019-11-20

 


Арваннэгдүгээр сарын 19-ний өдөр James Dyson Award шагналын эзний нэрийг зарлах ёслол болжээ. James Dyson Award гэдэг нь  аж үйлдвэрийн дизайн болон инженерийн төслийн салбар дахь олон улсын шагнал бөгөөд аж үйлдвэрийн дизайнеруудын шинэ үеийнхэнд урам өгөх, бодит амьдралын асуудлуудыг шийдвэрлэх боломжтой хийц, бүтээгдэхүүн зохиоход оюутнуудад урам өгөх зорилготойгоор 2004 онд бий болсон аж. 

 

 

Ялагч энэ шагналын гэрчилгээг дагалдуулан төслөө хэрэгжүүлэхэд зориулж 30 мянган фунт стерлингийн шагнал гарддагийн дээр тухайн ялагчийн суралцаж төгссөн сургууль ч мөн ийм хэмжээний шагнал авдаг юм байна.

 

Энэ жилийн ялагчаар Их Британийн Сассексын их сургуулийн 24 настай Люси Хьюз тодорсон байна. Тэрбээр нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүний тоог бууруулах, загасны аж ахуйн хаягдлыг дахин боловсруулах ажлыг сайжруулах гэсэн хоёр зорилт шийдвэрлэхээр ажиллажээ. Үүний дүнд тэрбээр гайхалтай хуванцар гарган авсан байна. 

 

Энд дуулгахад, загасны аж ахуй асар их хаягдал гаргадаг бөгөөд загасны дотор гэдэс, цус, хясаа, хайрс, арьс гээд бидний иддэггүй бүхэн хог болон хуримтлагддаг. 

 

Хьюз нарийн судалгаа хийсний дүнд арьс болон хайрсанд бат бэх мөн уян уурагны бүтцүүд ихээр агуулагддаг тул био хуванцар хийхэд хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн гэдгийг олж тогтоожээ. 

 

Эцсийн "бүтээгдэхүүн" гарган авахын тулд зуу гаруй туршилт хийсэн бөгөөд туршилтын ихэнхийг оюутны хотхон дахь байрныхаа гал тогоонд хийсэн гэж Хьюз ярьжээ. Ингээд эцсийн дүнд тэрбээр нэг төрөлт био задралт материал гарган авсан бөгөөд үүнийгээ  MarinaTex хэмээн нэрлэсэн байна.

 

 

Түүний гарган авсан тунгалаг хуудсан материал нэг удаагийн уут хийхэд нэн тохиромжтойгийн дээр гадна талаас нь харч, мөн хүрч мэдрэхэд яг л хуванцар шиг аж. Харин одоо бидний хэрэглэдэг хуванцараас олон төрлийн давуу талтай. Тухайлбал, дөрвөөс зургаан долоо хоногийн дотор энэ материал задарч, ямар ч хорт бодис ялгаруулдаггүй гэнэ.  Мөн био хуванцарыг үйлдвэрлэхэд харьцангуй баг эрчим хүч, нөөц шаардлагатай. Загасны аж ахуйн хаягдал бүтээгдэхүүнийг ашигладаг тул энэ салбарын хаягдлын урсгалыг бууруулж, дахин боловсруулан, хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой юм байна. 

 

"Хэт удаан эдэлгээтэй хуванцар, гялгар уут ашиглах нь маш ухаангүй хэрэг гэж би боддог. Marina Tex бол ухаалаг сонголтод хүрэх нэг алхам. Миний энэ бүтээлийг шүүгчид үнэлсэнд маш их баяртай байна. Энэ материал цаашид ашиглагдах боломжтой гэж хүлээн зөвшөөрсөн нь би цаашдын судалгаагаа хийхэд ихээхэн урам дэмжлэг боллоо" хэмээн ялагч Хьюз ярьжээ. 

 

Энэ жилийн  James Dyson Award шагналын эзэн болсон тэрбээр 30 мянган фунт /100 гаруй сая төгрөг/ гардсан бөгөөд шагналынхаа мөнгөөр дэлхий дахиныг илүүдэл хуванцар, гялгар уутны хаягдлаас салгахын тулд өөрийн гарган авсан бүтээгдэхүүнээ сайжруулахад зарцуулна гэж мэдэгджээ.  

 

"Манай гаригт нийтэд нь нэн чухал бүтээлийг сонгохоор бид шийдсэн. MarinaTex бол нэг удаагийн хуванцар болон загасны хаягдлаас салах гээд хоёр асуудлыг нэгэн зэрэг шийдсэн оновчтой хувилбар. Цаашлаад энэ бүтээлийг сайжруулан судалснаар хуванцарын хогонд дарагдсан дэлхий ертөнцийг энэ асуудлаас салгаж чадна гэж найдаж байна" хэмээн шагналыг үүсгэн байгуулагч Жеймс Дайсон өгүүлсэн байна. 

 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин