Хонконгийн хүний эрхийн тухай хуулийн төслийг АНУ батлав
2019-11-20

АНУ-ын Конгрессын сенат Хонконг дахь ардчилал, хүний эрхийн тухай хуулийн төслийг санал нэгтэйгээр баталлаа. Энэ хууль нь Хонконг дахь нөхцөл байдлын талаар хууль тогтоогчдын өмнө Америкийн захиргаа байнга тайлагнах, Вашингтоны үзснээр энэ автономт бүс дэх хүний эрхийг зөрчсөнд буруутай этгээдүүдийн эсрэг хориг тавих боломжийг тусгасан байна. 

 

Энэхүү хуулийн төслийн хувилбарыг Конгрессын төлөөлөгчдийн танхим 10 дугаар сард батласан бөгөөд одоо хоёр танхим хуулийн төслийн нэгдсэн хувилбарыг зөвшилцөн, АНУ-ын Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.

 

Америкийн хууль тогтоох байгууллагын доод танхим энэхүү хуулийн төслийг дэмжсэнд Хятадын эрх баригчид эрс эсэргүүцэж байв. Энэхүү санаачилга нь эцэслэн батлагдвал Вашингтон Хонгконг болон эх газрын Хятадын нутаг дэвсгэр дээрх ашиг сонирхолдоо цохилт өгөхийн дээр Хятад-Америкийн харилцааг таслах үйлдэл болно гэж БНХАУ-ын ГХЯ анхааруулж байлаа.

 

Эргэн сануулахад, энэ оны зунаас Хонконгод эх газрын Хятад руу сэжигтэн шилжүүлэх тухай хуулийн төслийг эсэргүүцэн олныг хамарсан эсэргүүцэл эхлэсэн. Хэдийгээр хуулийн төслийг эргүүлэн татсан ч залуусаас бүрдсэн сөрөг хүчнийг дэмжигчид Засгийн газрын эсрэг тэмцсээр байгаа юм. Улмаар эсэргүүцэл эмх замбараагүй байдлаар солигдон, сүүлийн саруудад хүчирхийлэл, зам хаах, хүйтэн зэвсэг ашиглан цагдаагийнхан руу дайрах зэрэг үйлдлүүд гарсаар байна.

 

 

Хонконгийн эсэргүүцэл эдийн засгийг СҮЙРҮҮЛЛЭЭ

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин