Х.Болорчулуун: Ц.Нямдоржийн биед халдаагүй

Оюутолгойн гэрээнээс үүдэж, улстөрчид муудалцаж байна. Өчигдөр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нар маргалдаж, заамдалцсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарсан. Хуульзүйн сайдтай үзэл бодлын зөрүүнээс болж хүчтэй маргалдсан гэдгээ Х.Болорчулуун гишүүн хэллээ. Харин гэмтээх хэмжээнд биед нь хүрээгүй гэв.
Тэрбээр Оюутолгойн гэрээний талаар “Оюутолгойн гэрээ ямар муу гэрээ болсныг бүгд мэдэж байгаа. Оюутолгойн гэрээ байгуулагдсан өдрөөс 40 хоногийн өмнө 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ААН-ийн татварын хуулинд өөрчлөлт оруулж, гадныханд ашигтай байдлыг бий болгосон. Монголын хүртэх ашгийг багасгаж, хугацааг нь уртасгах байдлыг үүсгэсэн.
Бас 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Ашигт малтмалын хуулийн 5.5-д ганцхан өгүүлбэр нэмээд, 34 хувийг үнэтэй авахаар болгосон. Ингэж хуулийг өөрчилж байхад Ц.Нямдорж хуульзүйн сайд байсан. Энэ хүн мэдэхийн дээдээр мэдэж байсан. Магадгүй цаанаа маш их барьцаанд орж, хамгаалах үүргийг хүлээсэн хүмүүсийн нэг.
Ганцхан С.Баярцогтыг буруутгаж болохгүй. Ганцхан хүн биш МАНАН бүлэглэл энэ муу гэрээг хийсэн” гэсэн байр суурийг илэрхийлэв.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ