Т.Аюурсайхан: "Оюутолгой"-н гэрээг цуцлах биш сайжруулах хэрэгтэй

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар "Оюутолгой"-н гэрээний талаар УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. "Оюутолгойн" ордыг ашиглах гэрээнд үйл ажиллагаанд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын дарга захирамж гаргаж, ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг Б.Баттөмөр ахалсан юм. Ажлын хэсэг УИХ-ын тогтоолын төслийг хүлээсэн үүргийн дагуу боловсруулсан байна. Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцуулав. Уг тогтоолын төсөлд "Оюутолгой" төслөөс Монголын талын хүртэх үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр хэд хэдэн ажил өрнүүлэхийг Засгийн газарт даалгах заалтуудыг тусгажээ. Үүнд:
-Засгийн газар, “Рио Тинто интернейшнл холдинг” болон “Айвенхоу Майнз” компанийн 2009 оны 10 дугаар сард байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 онд байгуулсан “Эрдэнэс Монгол”, “Айвенхоу Оюу Толгой”, “Оюу Толгой Нидерланд Би Ви”, “Оюу Толгой” компанийн Хувь нийлүүлэгчдийн гэрээг УИХ-ын 2008 оны “Үндсэн зарчим, удирдамж батлах тухай” тогтоол, 2009 оны “Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай” тогтоол болон Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд сайжруулах цогц арга хэмжээ авах, энэ чиглэлд Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус зөвлөх үйлчилгээ авахыг даалгаж буй юм.
-Засгийн газар, “Оюутолгой”, “Ресурс Лимитед”, “Ти Эйч Ар Оюутолгой”, “Оюутолгой Нидерланд”, “Рио тинто интернейшнл холдинг” компанийн 2015 онд байгуулсан Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг Монгол Улсын эрх ашиг, хууль, тогтоомжид нийцүүлэн сайжруулах
-Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг хөрөнгө оруулалтын гэрээ болон 2010 оны ТЭЗҮ-ийн тооцоололд зааснаар 53 хувиас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын 34 хувийн хувьцааг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсхүл АМНАТ-өөр оруулах хувилбарыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулан УИХ-д танилцуулах
-Оюутолгойн ордын зэс, алт, мөнгө болон бусад дагалдах элементын нөөцийн үнэлгээг Монгол Улсад мөрдөж буй олон улсын стандартын дагуу дахин хийж, үүнд үндэслэсэн ТЭЗҮ-г дахин боловсруулж, эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах
-Байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг Говийн бүсийн гүний ус ашиглах нөхцлийг харгалзан тогтоох
-УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Оюутолгой ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын багийн санал, дүгнэлтийг хэрэгжүүлэх цогц арга хэмжээ авах
-Оюутолгой төслийн Монголын талын төлөөллийг хэрэгжүүлэгч байгууллагын санхүү болон хүний нөөцийн чадавхыг олон улсын түвшинд хүргэж бэхжүүлэх зэргийг тусгасан байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авсан юм. Гишүүд төслийн тогтоолын заалтыг тодруулж, Монгол Улсын эрх ашгийг нэмэгдүүлэх талаар тодруулж байлаа.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
-Монгол Улсын эрх ашигт нийцүүлэх сайжруулах гэдэг нь далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө хоёр талын эрх ашигт нийцсэн байх ёстой. Ингэхдээ Монгол Улсын эрх ашиг орхигдох ёсгүй. Энэ асуудалд Монгол Улсын эрх ашиг санхүүжилт, менежментийн талаар тусгах ёстой гэж гэрээний хэрэгжилт, тогтоолын төслийг боловсруулах ажлын хэсэг санал нэгдэж байгаа. Цуцлах, хаах болиулах гэхээсээ гэрээг сайжруулж, Монгол Улсын эрх ашигт нийцүүлэх хэрэгтэй
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:
-УИХ дээр ажлын хэсэг байгуулагдаад дүгнэлт нь гараагүй учир Засгийн газар "Оюутолгой" ордын гэрээний талаар тодорхой зүйл хийх улс төрийн боломжгүй байсан. Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж, нэг талдаа гаргаж байгаад баяртай байна. Ер нь маргаантай, цаашид анхаарах зүйл байгаа. Гэхдээ бид ямар арга замаар, яаж шийдэх вэ? Засгийн газар УИХ-ын тогтоолын хүрээнд ажиллана.
Ийнхүү уг тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэхээр шийдвэрлэв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ