Автобус №18: “Паар ажиллахгүй, хөлдөх нь ээ”
2019-11-21
Гэрэл зургийг MPA.mn

 

Битүү цантсан цонхтой автобус тэсгэм хүйтэн. Цантсан цонхон дээр романтик нэгэн нь зүрх зураад орхижээ. Зүрхэн дунд бээлийтэй хуруугаараа цэг гаргаж нүдээ онийлгон байж харснаа “Одоо зурагтын шинэ эцэс дээр ирж байна” гэж хүү ээждээ хандан хэлвэл бүсгүй нүдээ аньсан чигтээ толгой дохино.

 

- Байна уу, аан би зурагт уруудаж байна. Чи хаана яваа юм

 

- Паар олигтой халахгүй. Автобусандаа амьдаараа хөлдөх нь ээ гэж жолооч гар утсаараа хэн нэгэнтэй ярина. Жолоочийн урд шил мөн л битүү цантжээ. Шилний багахан хэсгийг цэвэрлэж зам харагдах завсар гаргасан байна. Жолооч яг л түцний жижигхэн цонхоор худалдаа хийдэг эгч нар шиг байдгаараа хичээн өмнөх замаа арайхийн харж явна. Дараагийн буудлаас жолоочийн танил шалгагч бүсгүй орж ирлээ.

 

- Хүүе ээ, хөлдлөө ш дээ, ямар хүйтэн явна аа

 

- Хэлээд юугхүү, паар нь үлээхгүй үйлээ үзэж явна. Өдөр нар ээхээр нэг муу юм бүлээцэх аялдаг юм.

 

- Ээ чааваас даа. Хүүш нээрээ сонинтой. Манай бригадаас хоёр хүн ажилд орсон байна цаана чинь

 

- За хаана тэр вэ

 

- Өнөө манай бригадын жижиг Цэцэгээ байна аа. Тэр, тэгээд өөр нэг хүн. Хоёр хүн нөгөө сайжруулсан түлшний ажилд оржээ. “Хангай” зах дээр камер хянаад л сууж байх юм гэнэ. Ямар машин орж, гарч хэдэн тонн нүүрс ачаад гарч байгааг камераар хянаад л сууж байх юм байх. Цалин нь 900 мянган төгрөг гэнэ. Сайхан байгаа биз

 

- Өө заза бүр гараад өгчээ. Энд даарч өдөржин түгжирч явахаар тэнд чинь очоод ажиллачихмаар юм биш үү. Цэцэгээ яаж яваад орчихов

 

- Хэн мэдэхэв. Хэн ч үгүй тийм амар ажил байвал хиймээр л байна. Цалин нь боломжийн байгаа биз

 

- Харин тийм байна.

 

Жолоочийн утас дуугарав. Автобусаа жолоодох явцдаа утсаар ярьж байна.

 

- За юу байна, андаа...Ээ баларсан юм бэ. Одоо тэгээд хаана байгаа юм. Цагдаа, даатгалаа дуудсан юм уу, гүпер нь авах юмгүй болчихсон уу.

 

- Приус 20 юм уу...За даварцан гар вэ наадах чинь. Лизингээр 20 приус авчихсан, одоо лизингээ төлөх хугацаа нь болчихсон амандаа орсон үнээ хэлж байгаа юм наад муу чинь.

 

- Миний хөгшин Нисдэг машин ороод асуу. Тэнд хойд гүпер хэд байна очоод асуу.

 

- Хаха, наадах чинь тэгвэл яах аргагүй банкны мөнгө нь тулчихсан гар яваа юм байна аа. Лизингээ төлөх мөнгө яаж олох вэ гээд салгаж явсан п..да байна шт.

 

- Үхсэн тэгвэл яадын ном журмынх нь дагуу оноогоо хасуулчих. Эргээгээд эрх сэргээх амархан. Оноо дуусангуут дөрвөн цагийн сургалтад суугаад шалгалт өгөөд л буцаагаад оноогоо сэргээлгэчихдэг юм.

 

- Эсвэл монгол хүмүүс байна даа, наад нэг юмтайгаа сайн яриач. Үхэж байсан амьсгаа вэ наад чинь одоо...

 

Жолоочийн ярианаас яах аргагүй л найзынх нь буруу бололтой юм. Гэтэл мань хүн утасны цаанаас хүний амьдралыг уншчихаж байна, мундаг. Тэр яаж алсын зайнаас банкны зээлтэй, зээлээ төлөх хугацаа нь тулчихсан, мөнгө хайгаад явж байгааг мэдэв ээ. Мэдрэмжээс нь суралцахсан....

 

Автобус “Зурагтын хуучин эцэс”-ийн буудлаас түгжирч, аажуухан урагшилсаар МУБИС-ийн автобусны буудал руу дөхөж явна. Байж ядан тэвдсэн сурагч охин хамт яваа хүнд хандан

 

- Ёоо дахиад л түгжирчихлээ. Би багшид яг алуулсан. Багшид юу гэж хэлэх үү

 

- Хоцорсон өдөр Цацрал багш л байгаасай. Алтаа багш байвал би яг өнгөрсөн

 

- Алтаа багш чинь яадаг юм. Түгжрээд байгаа юм чинь буугаад гүйлтэй биш дээ тэр холоос

 

- Алтаа багш аймар ууртай. Анужин нааш ир, хаагуур явсан чи гээд толгой тогшоод л...Та надтай цуг ороод түгжрээд удсан гэж хэлээрэй. Тэгэхгүй бол би айгаад байна.

 

Буруу зүйл хийгээгүй атал түгжрэлээс болж хоцорсон охин багшдаа загнуулахаас баахан айх. Өөр нэг оюутан “Аргалж байгаарай, одоо яг буулаа” хэмээн гар утсаар ярих. “Хуруугаа дарах өнгөрлөө, яана вэ” гэж хоёр бүсгүй хоорондоо хөөрөлдөх.

 

Түгжрэл, тэсгим хүйтэн автобус, хөлөө савчсан ард түмэн...Тийм ээ, энэ миний их хотын амьдрал. Шинэ жил, үдшийн цэнгүүн, өмсгөл зүүсгэл, үс гэзэгний гоёл гээд ирэх өдрүүдийн дулаан мэдрэмж л эрхгүй сэтгэл бүлээцүүлж байна. Амттай яриагаар ахин уулзъя.

 

Нийтлэлч: Түмний нэг

Shuud.mn
Сонин хачин
tseegii:
ok
2019-11-21
Od:
Bodit niitleg unen bn daa
2019-11-21