Google улс төрийн сурталчилгаа байршуулах журмыг чангатгана
11-21

Google компани улс төрийн сурталчилгаа байршуулахтай холбоотой журмаа чангатгахаар төлөвлөж байгаа талаар өнөөдөр мэдэгдлээ. 

 

Тус компанийн төлөөлөгчдийн тайлбарласнаар гүүглд байршуулж буй "улс төрийн сурталчилгаанд итгэх сонгогчдын итгэлийг бэхжүүлэх" үүднээс ийм арга хэмжээ авахаар болсон байна.  Гүүглийн хайлтын сервис болон энэ компанид хамаарах Юүтүб хуудас, зарим сайтууд дээр гарч ирэх сурталчилгаа үүнд хамаарах аж.

 

Мэдэгдэлд онцолсноор тодорхой бүлгийн хэрэглэгчид рүү сурталчилгааны материалыг чиглүүлэх боломжийг хязгаарлах юм байна. Тодруулбал зөвхөн хэрэглэгчийн нас, хүйс, байршил гэсэн үзүүлэлтүүдээр улс төрийн сурталчилгааг чиглүүлэх боломжтой болох гэнэ. 

 

Шинэ журам  энэ долоо хоногт Их Британид нэвтрэх бол Европын холбооны бусад орнуудад энэ оны эцсэ гэхэд нэвтрэх юм байна. Харин дэлхий даяар 2020 оны нэгдүгээр сарын зургаанаас энэ журмыг баримтлах аж. 

 

Ийм арга хэмжээ авах болсон нь дэлхий даяарх сонгуультай холбоотой хуурамч эсвэл төөрөгдөлд оруулах мэдээллээс урьдчилан сэргийлэх шаардлагатай холбоотой гэж компани мэдэгдсэн байна. Тухайлбал сонгуульд нэр дэвшигчдийг нас барсан, сонгуулийн өдрийг өөрчилсөн, үүрэн холбооны утаснаас зурвас илгээн санал өгөх боломжтой гэх зэрэг хуурамч мэдээлэл тархахаас шинэ журам сэргийлнэ гэж үзжээ. 

 

Мөн улс төрийн сурталчилгааны захиалагчийн талаарх мэдээллийг илүү ихээр танилцуулна гээд 12 дугаар сарын гуравнаас эхлэн Америкт энэ төрлийн мэдээллийг өргөнөөр харуулдаг тохиргоог ажиллуулна хэмээн Гүүгл мэдэгдсэн байна. 

 

Твиттер улс төрийн сурталчилгаа байршуулахыг хориглоно

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин