Турк улс буудалд хоноглосны татвар авдаг болно

img

Ирэх оны дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн жуулчид Туркийн зочид буудлуудад хоноглосныхоо төлөө татвар төлдөг болно гэж news.ru  мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Туркийн парламент үйлчилгээний татварын хуулинд орох нэмэлт өөрчлөлтийг дэмжсэн бөгөөд үүний дагуу зочид буудлуудад хоногловол хоёр хувийн татвар төлөх юм байна. Энэ нь аяллын багцын өртөгт хамаарахгүй, харин жуулчид зочид буудалд ирэхдээ эсвэл буудлаас гарахдаа өөрөө энэ татварыг төлөх юм байна. 

 

Хуулийн өөрчлөлтөөр зочид буудал, дэн буудал зэрэг буудаллах бүхий л төрлийн байрнуудад хоноглосон хүмүүсээс татвар авах бөгөөд хөнгөлөлт байхгүй гэнэ. Ингэснээр татварын хэмжээгээр буудлын өрөөний үнэ өснө гэж Туркийн зочид буудал эзэмшигчдийн холбооны тэргүүн Осман Айык мэдээлжээ. 

 

Зочид буудлуудын эзэд шинэ хуулийн төслийг нэг бус удаа шүүмжилж, шинэчлэлтийг хойшлуулахыг хэдэнтээ хүссэн ч "тэдний үгийг сонссонгүй" гэж тэрбээр өгүүлсэн байна. 

 

Дашрамд дуулгахад, аялал жуулчлал бол Туркийн эдийн засгийн чухал салбаруудын нэг бөгөөд сүүлийн жилүүдэд эийн засагт илүүтэй жин дарах болсон. Туркийн аялал жуулчлалын салбарт хоёр сая орчим хүн ажилладаг бөгөөд 2016 оны байдлаар энэ улс гадаадын 41,4 сая жуулчин хүлээн авчээ.

 

 

Г.Бямбасүрэн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ