Цахилгаан эрчим хүчний үнийн өсөлт эмх замбараагүй байдал үүсгэв

img

 

Пүрэв гаригт Колумби улс даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн байна. Тус улсын иргэд Ерөнхийлөгч Иван Вукегийн нийгэм эдийн засгийн бодлогыг шүүмжлэн ийнхүү жагсаал эхлэжээ. 

 

Улмаар пүрэв гаригт бүх нийтийн ажил хаялт болж, эсэргүүцлийн жагсаал эмх замбараагүй байдалд шилжсэн байна. Эсэргүүцэгчид Колумбийн нийслэл Богота хотын төвд байх засгийн газрын хэд хэдэн барилга руу чулуу шидэж, ихээхэн хохирол учруулсан талаар орон нутгийн "Тьемпо" сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, жагсагчид засгийн газрын байрнуудыг сүйдэлснээс гадна автобусны хэд хэдэн буудлыг сүйдэлж, 10 гаруй хогны чингэлгүүдийг шатаасан байна. 

 

Өнөөдрийн байдлаар эсэргүүцлийн жагсаалын оролцогчид болон хууль сахиулагчдын хооронд мөргөлдөөн үргэлжилсээр байгаа талаар ТАСС агентлаг дамжуулжээ.

 

Улс оронд нь үүссэн нөхцөл байдлыг тогтворжуулах үүднээс Колумбийн эрх баригчид хуурай замын болон усан хилээ баасан гаригийн өглөө хүртэл хаах шийдвэр гаргасан байна. Тус улсын Дотоод хэргийн яамны мэдээлснээр эсэргүүцлийн ажиллагаанд 207 мянга гаруй хүн оролцжээ. 

 

Иргэдийн эсэргүүцэх болсон шалтгаан нь Засгийн газрын хэд хэдэн шийдвэрүүдтэй холбоотой юм байна. Нэн тэргүүнд тэтгэврийн шинэчлэлийн асуудал колумбичуудын эсэргүүцэлтэй тулгарсан бөгөөд эрх баригчид иргэдэд олгох хөнгөлөлтийг хасан, ажил эрхлэх үедээ хэмнэсэн мөнгөө л тэтгэврээс авах өөрчлөлт хийхээр зэхэж байгаа гэнэ. Мөн залуусын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг багасгахаар төлөвлөж байгаа нь ихээхэн эсэргүүцэлтэй тулгарчээ.

 

Эсэргүүцлийн өөр нэг шалтгаан нь ажилгүйдлийн түвшин өссөнтэй холбоотой юм байна. Өнгөрсөн оноос ажилгүйдлийн түвшин 1,6 хувиар өсч 10,2 хувьд хүрсний дээр цахилгаан эрчим хүчний үнэ 35 хүртэлх хувиар өсч, мөн цахилгаан эрчим хүчний төрийн компаниудыг хувьчлахаар зэхэж байгаа нь цахилгаан эрчим хүчний өртгийг улам нэмэх эрсдэлтэй тул ийнхүү колумбичууд эсэргүүцэн жагсаж байгаа аж. 

 

 

Г.Бямбасүрэн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хаа газрын тэнэг төрийн удирдлагууд ард түмнээ байнга бухимдуулах юм даа манай төрийнхөн бол бүр гамшиг болсон оркууд
2019-11-22