ВИДЕО: Түймрээс амьтдыг аврахын тулд 750 мянган ам.доллар цуглуулжээ
2019-11-22

Австралийн ихээхэн газар нутгийг ойн түймэр сүйдлэж байгаа бөгөөд энэ түймэрт ан амьтад ихээр хохирч байгаа юм.

 

Тиймээс ойн түймрээс зэрлэг амьтдыг аврах, тэднийг эмчлэхэд зориулан австраличууд 751,7 мянган ам доллар цуглуулсан байна. Энэ хандивыг Порт-Маккуори дахь коала буюу уутат баавгайнд зориулсан эмнэлэгт хандивлах аж.

 

"Гал түймэрт сүйдсэн бүс нутгуудад амьтдад зориулсан ундны устай автомат станц худалдаж авахаар хандив цуглуулж эхлэсэн. Харин асар их хандив цуглаж эхлэсэн тул бид зэрлэг уутат баавгайг үрхжүүлэх хөтөлбөрийг сэргээх төслөө өргөжүүлэхээр шийдсэн" хэмээн хандивын аяныг зохион байгуулагчид мэдээлжээ.

 

Зохион байгуулагчдын мэдээлснээр Австралид ойн түймэр 10 дугаар сарын 15-нд эхлэснээс хойш Порт-Маккуори  дахь уутат баавгайны эмнэлэгт 30 баавгай хүргэгдсэн байна. Урьдчилсан мэдээллээр Шинэ Өмнөд Уэльс мужийн нутаг дэвсгэр дээр гэхэд л 400 орчим коала  ойн түймрийн улмаас үрэгджээ.

 

Австраличууд үндэснийхээ билэгдэл болсон коала буюу уутат баавгайг аврахын тулд хүн бүр идэвхитэй оролцож байгаа бөгөөд хоёр хоногийн өмнө гэхэд л нэгэн эмэгтэй амь насанд нь аюул учрахуйц нөхцөлд коала баавгайг аварсан бичлэг олон нийтийн сүлжээнд хурдацтай тархаж байна. Тони Догерти гэх эмэгтэй галд түлэгдсэн баавгайг аврахын тулд цамцаа тайлан, баавгайг ороон аюулгүй газар аваачиж байгаа бичлэгийг анхлан NBC агентлаг нийтлэжээ. 

 

Дашрамд дуулгахад, 10 дугаар сарын дунд үеэс Австралийн зүүн хойд хэсгийг ойн түймэр хамарч, нэг сая га ойн сүйдсэн байна. 

 

Нөхцөл байдал илүүтэй хүндэрсэн Шинэ Өмнөд Уэльс мужид гал түймрийн улмаас дөрвөн хүн амиа алдаж, 30 гаруй хүн түлэгджээ. Мөн 530 гаруй орон сууц, захиргаа, аж ахуйн байр шатсан бөгөөд гал түймэртэй тэмцэхээр 1,7 мянган гал сөнөөгч, олон зуун техник хэрэгсэл, 90 тусгай онгоц ашиглаж байгаа юм байна. 

 

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин