Импортын гар утсанд дотоодын программ хангамж суулгах хууль батлагджээ
11-22

 

Ухаалаг утас, компьютер, Смарт-Тв функцтэй зурагтад Оросын программ хангамж зайлшгүй суурилуулах тухай хуулийг Оросын Төрийн Дум баталлаа. Хууль ирэх оны долоодугаар сарын нэгнээс эхлэн хүчин төгөлдөр үйлчлэх юм байна. 

 

Төрийн Думын мэдээлснээр, ийм журам хэрэгжснээр Оросын хэрэглэгчид дотоодын программ хангамж ашиглахад хялбар болохын дээр Оросын мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх түлхэц болно гэж үзжээ.

 

Харин энэ шийдэр хэрэглэгчдийн халаасанд шууд нөлөөлнө гэж Оросын зарим эдийн засагчид үзсэн байна. Энэ хуулийг дагаснаар гадаадын үйлдвэрлэгчид цахилгаан барааныхаа үнийг нэмэхээс аргагүй болох бөгөөд хамгийн хямд загваруудын үнэ ч нэмэгдэнэ гэж үзжээ.

 

Учир нь ихэнх тохиолдолд аппликейшн боловсруулагчид өөрсдийн бүтээлийг гар утсанд суулгахын тулд үйлдвэрлэгчдэд мөнгө төлдөг бөгөөд энэ нь гар утасны үнийг  бууруулахад шууд нөлөөлж байсан. Харин одоо энэ мөнгө худалдан авагчдын халааснаас гарахын дээр нэмэлт аппликейшнүүд суулгахын тулд багтаамж сайтай байх ёстойгийн дээр багтаамжийг нэмэгдүүлэхийн тулд мөн л өртөг өснө гэж шинжээчид өгүүлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин