Моралес: Миний амь насанд халдах оролдлого гарсан

Боливид Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг иргэд эсэргүүцэн улмаар эмх замбараагүй байдал үүсээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Сонгуулийн дүнг дахин сонгогдох гэсэн Эво Моралесын нөлөөллөөр өөрчилсөн гэж үзсэн олон нийт түүнийг эсэргүүцэн жагсаж, цэрэг цагдаагийнхан нь ч энэхүү эсэргүүцлийг дэмжснээр Эво Моралес сайн дураар албан тушаалаа өгөхөөс аргагүй болсон юм.
Түүнийг албан тушаалаа өгөхөөс өмнө, 11 дүгээр сарын дөрөвний өдөр Моралесын сууж явсан нисдэг тэрэг техникийн гэмтлийн улмаас ослын буулт хийж байсан удаатай. Харин энэ нь зориуд зохион байгуулсан үйлдэл хэмээн Эво Моралес RT агентлагт ярьжээ.
Түүний өгүүлснээр Боливийн агаарын цэргийн хүчний генерал Хорхе Терсерос осол зохион байгуулахаар төлөвлөсөн гэнэ.
"Анхандаа би тэр явдлыг ердөө л осол гэж бодож байсан. Гэхдээ одоо бодоход миний амь насанд халдах оролдлого байсан гэдэгт эргэлзэх зүйл алга. Энэ халдлагын ард Агаарын цэргийн хүчний генерал Терсерос байсныг сүүлд л ойлгосон. Сүүлийн өдрүүдэд тэр эрс өөрчлөгдөөд байсан юм" хэмээн Моралес ярьжээ.
Эво Моралесын ярьсан хэрэг 11 дүгээр сарын дөрвөнд болсон байна. Тухайн үед түүний сууж явсан нисдэг тэрэг хөөрөөд удалгүй ослын буулт хийжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, нисдэг тэрэгний сүүл хэсэгт гэмтэл гарсны улмаас удирдлагаа хэсэгчлэн алдсан ч нисгэгч нисдэг тэргийг буулгаж чадсан гэнэ.
Эрх мэдэлд шунасан популист Эво Моралес
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ