УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг АТГ-аас шалгаж байна

Өнгөрсөн 10 дугаар сард иргэн Г нь УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд холбогдуулан авлига өгсөн талаараа АТГ-т хандаж мэдээлэл өгсөн. Тэрбээр Д.Тогтохсүрэн нь УИХ-ын 2016 оны сонгуулиас өмнө Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа тендерт шалгаруулсныхаа төлөө бусдаар дамжуулан 70 сая төгрөгийн авлига авсан бөгөөд авлига аваад ч зогсохгүй, тухайн иргэнд янз бүрийн дарамт шахалт үзүүлж байсан тухай өргөдөлдөө тусгажээ. Энэ хэрэгт Өвөрхангай аймгийн одоогийн Засаг дарга Г.Ганболд, ЗДТГ-ын Ерөнхий санхүүч Ч.Болормаа нар оролцсон болохыг дурдаад эдгээр албан тушаалтнуудыг мөн шалгуулахаар баримт хавсаргасан гэжээ.
Мэдээлэл гаргагч Г нь иргэний зориг гарган хэргээ сайн дураараа илчилснээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 22.5-д заасны дагуу “хясан боогдуулсны улмаас авлига өгч, төрийн үйлчилгээ авснаа сайн дураараа илчилсэн тохиолдолд ялаас чөлөөлөгдөх боломжтой” бөгөөд уг асуудлын холбогдогч нь төрийн өндөр дээд албан тушаалтан, УИХ-ын гишүүн байгаа нь анхны тохиолдол ажээ.
Уг асуудалтай холбогдуулан АТГ-аас хэрэг бүртгэлийн хэрэг нээж эрхэм гишүүнээс мэдүүлэг авсан байна. Хэргийн явцын талаар үнэн бодит мэдээллийг үргэлжлүүлэн хүргэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ