АНУ Хонконгтой холбоотой хууль баталсныг БНХАУ эрс эсэргүүцэв
2019-11-28

Хонконг дахь ардчилал, хүний эрхийн тухай хуульд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурсан талаар бид мэдээлсэн.

 

Харин энэ үйл явдлыг Хятад эрс шийдэмгий эсэргүүцэж байгаа талаар БНХАУ-ын ГХЯ-ны мэдэгдэлд онцолжээ.

 

"Хонконг дахь ардчилал, хүний эрхийн тухай хууль гэгдэх баримт бичигт Америкийн тал гарын үсэг зурсан нь Хонконг болон Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцон, олон улсын эрхзүйг ноцтойгоор зөрчиж байгаа явдал. Хятадын Засгийн газар болон ард түмэн үүнийг эрс шийдэмгий эсэргүүцэж байна" хэмээн ГХЯ-ны мэдэгдэлд өгүүлжээ.

 

Мөн "цагааныг харлуулж, хуулийг уландаа гишгэж" байгаагийн дээр "Хонконг дахь хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг устгаж, нэг улс-хоёр систем гэсэн зарчмыг ганхуулах нь АНУ-ын үндсэн зорилго" хэмээн онцолсон байна.

 

"Хонконгийн асуудал Хятадын дотоод асуудал бөгөөд аливаа гадаад улс, гадны хүч энэ асуудалд хөндлөнгөөс оролцох эрхгүй гэдгийг Америкийн талд дуулгая. Энэхүү хуулийн төсөл нь ердөө л АНУ-ын далд санаа, ноёрхлын талаар л Хятад болон Хонконгийн оршин суугчдад мэдээлж байгаа хэрэг. Америкийн далд санаа бүтэлгүйтнэ" хэмээн мэдэгдэлд цохон тэмдэглэсэн байна.

 

Түүнчлэн, Хятадын тал сөрөг арга хэмжээ авахын дээр үүний төлөөх хариуцлагыг АНУ хүлээнэ хэмээн онцолжээ. 

 

 

Хонконг дахь ардчилал, хүний эрхийн тухай хуульд Трамп гарын үсэг зурлаа

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин