ФОТО: Талархлын өдөрт зориулсан агаарын бөмбөлөгт парад болжээ
11-29

 

Жил бүр, 11 дүгээр сарын сүүлийн пүрэв гаригт тэмдэглэдэг Талархлын өдөрт зориулсан агаарын бөмбөлөгт жагсаал Нью-Йорк хотноо зохион байгуулагджээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэ парадын үеэр Спонж Боб, Снуппи, Санта-Клаус зэрэг хүүхэлдэйн кино болон үлгэрийн баатруудын дүрс бүхий бөмбөлөг хөөргөсөн байна. 

 

 

Парад болох өдөр салхины хурд 15м/сек байсан тул хотын захиргаа анхандаа жагсаал зохион байгуулахыг зөвшөөрөөгүй ч, товлосон хугацаанаас цагийн өмнө зөвшөөрөл өгсөн байна. Салхи ихтэй байсан тул зарим бөмбөлгийг 90 орчим хүн олсоор тогтоон барьж явжээ.

 

 

Парад 77 дугаар гудамжаас эхлэн Геральд талбай хүртэл явсан бөгөөд нийт замын урт гурван километр байжээ. 

 

 

Энэ парад Macy's сүлжээ их дэлгүүрийн санаачилгаар 1924 оноос эхлэн тогтмол зохион байгуулагдаж байгаа аж. Тухайн үед энэ дэлгүүрийн ихэнх ажилтан нь Европоос ирсэн цагаачид байсан бөгөөд тэд ийм парад зохион байгуулан Америкийн Талархлын өдрийг тэмдэглэх санаачилга гаргасан байна. Харин 1942-1944 хооронд Дэлхийн хоёрдугаар дайны улмаас энэ уламжлал түр тасалджээ. 

 

 

Дашрамд дуулгахад, Талархлын өдөр нь Европоос анх шилжин ирсэн хүмүүс нутгийн индианчуудын тусламжтайгаар ногоо тариа ургуулж сурсан XVII зуунаас эхлэлтэй гэнэ. 1621 онд колончилогчид арвин ургац хурааснаа тэмдэглэхээр болж индианчуудыг урьжээ. Индианчууд зочлон ирэхдээ цацагт хяруул авч ирсэн нь энэ баярын гол билэг тэмдэг болсон байна. Үүнээс хойш колончилогчид жил бүр энэ өдрийг баялаг өгсөнд бурханд талархах өдөр болгон тэмдэглэдэг болжээ. 

 

 

Улмаар 1853  онд АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Авраам Линкольн Талархлын өдрийг үндэсний баяр болгон зарласан бол 1941 оноос эхлэн  Конгрессын тушаалаар 11 дүгээр сарын дөрөв дэх пүрэв гаригт Талархлын өдрийг тэмдэглэх болжээ. 

 

Г.Бямбасүрэн 

 

 

Shuud.mn
Сонин хачин