Нийтийн тээвэрт гологдсон МОН-30


Нийслэлийн нийтийн тээврийн салбарт үйлчилгээнд явж буй нэг автобус жилд 45 сая төгрөгийн импортын шатахуун, газ, шатах тослох материал ашиглаж, нэг тонн гаруй хорт бодис ялгаруулдаг.
Харин Монгол инженерүүдийн бүтээсэн “Мон-30” загварын автобус нь жилд 6.6 сая төгрөгийн эрчим хүч худалдан авч, тус салбарын зардлыг 30-40 хувиар буулгах боломжтой тул нийтийн тээврийн төдийгүй аж үйлдвэрлэлийн салбарт шинэ хуудас нээлээ гэж монгол инженерүүд ярьж байсан цаг 2018 оны аравдугаар сар.
Гэтэл өнөөдөр монголчуудын бүтээсэн энэ автобусыг нийтийн тээвэрт явуулахгүй, хүлээж авахгүй хэр нь БНХАУ-аас 854 тэрбум төгрөгөөр 1200 ширхэг автобус оруулж ирэхээр төлөвлөж буй талаар мэдээлэл цацагдаад байна. Үүнтэй холбогдуулан "МОН-30" автобус нийтийн тээврийн стандартыг хангаж буй эсэхийг шалгах туршилтыг "Зорчигч тээвэр-3" компаниас өнөөдөр /2019.11.29/ зохион байгууллаа.
Туршилтын явцад хоёр автобусны нэг нь асахгүй байсан бол өөр нэг автобусны хувьд 5.1 км зайд 7 хувийн цахилгаан цэнэг зарцуулж байна.
Энэхүү хоёр автобусыг "Монгол машин байгууламж” ХХК-аас тус бүрийг нь 495 сая төгрөгөөр "Зорчигч тээвэр-3" ОНӨААТҮГ худалдан авсан аж. Гэвч нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэхэд шаардлага хангахгүй байгаа гэдгийг “Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ-ын захирал Б.Цолмон хэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ