Хятадын иргэдээ хянах ээлжит алхам
2019-12-03

Арванхоёрдугаар  сарын нэгнээс Хятадад нэгэн өвөрмөц журам хэрэгжиж эхэллээ. Энэ нь Хятадын бүх хэрэглэгч үүрэн холбооны шинэ үйлчилгээнд холбогдохын тулд нүүр царайгаа таниулах журам юм.

 

Шинэ журмын талаар анхлан есдүгээр сард нийтэд мэдээлсэн бөгөөд цахим орон зайд иргэдийн хууль ёсны эрх, шиг сонирхлыг хамгаалахын тулд гаргасан гэж эрх баригчид  мэдэгдэж байлаа.

 

БНХАУ-ын эрх баригчид интернетийн зүй бус хэрэглээтэй олон жилийн туршид шат дараатай тэмцэж байгаа юм.

 

Энэ удаагийн журамд зааснаар, үүрэн холбооны дугаар авахын тулд гэрэл зураг бүхий бичиг баримтаас гадна хэрэглэгчийн нарийвчлан таньж, бүхий л хэрэглэгчид сүлжээнд өөрийн нэрээр байгаа гэдгийг баталгаажуулахын тулд утсаараа нүүрнийхээ зургийг "скандаж" оруулах юм байна.

 

Одоогоос хоёр жилийн өмнө, контентыг байршуулахын өмнө хэрэглэгчийн биеийн байцаалтыг шалгахыг интернет платформуудаас шаардсан хууль батлагдаж байлаа. Шинэ журам нь энэ системийг нарийвчлах боломжийг олгоно гэж БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээллийн яам мэдэгджээ.

 

Хятадад олон зуун сая интернет хэрэглэгч байх бөгөөд тэдний ихэнх нь гар утсаар дамжин интернетэд холбогддог аж.

 

Интернет технологи хурдацтай хөгжихийн хэрээр энэ улсын засгийн газар хүн амдаа хяналт тавихын тулд ажиглалтын камер, хүмүүсийг царай төрхөөр нь таних төрөл бүрийн технологи ашиглах болсон бөгөөд энэ талаараа Хятад улс дэлхийд тэргүүлж байгаа юм.

 

Хятадын эрх баригчид ийнхүү интернет болон ухаалаг утасны бүхий л хэрэглэгчдийг таних оролдлого хийж байгаа нь цахим гэмт хэрэгтэй тэмцэхтэй холбоотой байж мэдэх ч хүн амаа байнгын хяналтан дор байлгах гэсэнтэй ч холбоотой байж мэднэ гэж шинжээчид үзжээ.

 

Хэрэглэгчид ч үүнд ихээхэн санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна. Хятадын хэвлэлүүд шинэ журмын талаар төдийлөн анхаарахгүй байгаа ч Хятадын олон нийтийн сүлжээний хэрэглэгчид өөрсдийнх нь талаарх мэдээллийг улам бүр цуглуулах болсонд санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. 

 

Хувь хүний мэдээллийг цуглуулахын хэрээр энэ мэдээлэл алдагдаж буй тохиолдол хэдэнтээ гарсан бөгөөд огт танихгүй хүмүүс нэр хаягийг нь мэдэн утсаар ярьж байсан талаар олон нийтийн сүлжээний хэрэглэгчид бичжээ. 

 

"Өмнө нь гэмт этгээдүүд нэрийг минь мэддэг байсан бол одоо царайгаар минь шууд таних болж байна уу?" гэсэн пост олон мянган лайк цуглуулсан байна.

 

"Ажиглалтын камерын эх орон"

 

Нэгэнт батлагдсан журам, хэдийнэ тавигдаад эхэлсэн хяналт. Үүнийг хэн ч эсэргүүцэж, хэлэлцэж, шүүмжлээд зогсоож чадахгүй. 

 

Утсаар царай таниулахаас гадна хэдийнэ гудамжинд холхин яваа хэдэн сая хүнийг камераар ажигладаг болоод багагүй хугацаа өнгөрч байна. Тиймдээ ч өнөөгийн Хятадыг "ажиглалтын камерын эх орон" хэмээн нэрлэх нь ч бий. Энэ нь ч аргагүй, дэлхийн хамгийн их ажиглалтын камертай 10 хотын найм нь Хятадынх. 

 

Хятадад хаа сайгүй камер бий, 2017 онд ажиглалтын камерын тоо 170 сая гаруй байсан бол 2020 онд 400 саяд хүрэх тооцоотой байгаа гэнэ. 

 

Ингэснээр БНХАУ-ын оршин суугч бүрийн татварын болон бусад мэдээллийг агуулсан цогц мэдээллийн сан байгуулах ажил дуусах юм байна.

 

Царай таних технологийг Хятадын эрх баригчид болон хэвлэл мэдээлэл нь гэмт хэрэгтэй тэмцэх үр ашигтай арга хэмээн сурталчилж байгаа юм. Өнгөрсөн онд гэхэд л цагдаагийнхан гэмт хэргийн сэжигтнийг тоглолт үзэхээр цугласан  60 мянган хүн дундаас царай таних технологийн тусламжтайгаар олсон тухай мэдээллийг бүхий л сувгуудаараа цацаж байв. 

 

Харин сая гаржй мусульман уйгар албадан "дахин хүмүүжүүлэх ажил"-д хамрагддаг Шинжаанд уйгур төрхтэй хүмүүсийг олны дундаас ялгадаг байхаар ажиглалтын камеруудыг зориуд тохируулсан гэж энэ оны эхээр "Нью-Йорк таймс" бичиж байв.

 

Царай таних технологи Хятадад ахуйд илүү өргөн цар хүрээтэйгээр нэвтэрч байгаагийн дээр дэлгүүр, худалдааны төвүүдэд төлбөр төлөхөд ч ашиглагдах болсон байна. Гэвч энэ нь хувийн амьдралд хэт их оролцсон хэрэг гэж хүмүүс шүүмжилдэг ч Хятад улс иргэдийнхээ алхам бүрийг мэдэх технологийг шат дараатай нэвтрүүлсээр л...

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин