Оюуны өндөр чадамжтай иргэдийг төрийн албанд ажиллуулна
2019-12-03

Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Мэргэжлийн иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслөөс МУИС-тай хамтран “Тэсрэлтэт технологийн эрин ба Монголын дээд боловсролын бодлого” сэдэвт олон нийтийн лекц, хэлэлцүүлгийг МУИС-ын дугуй танхимд зохион байгууллаа.

 

 

Хэлэлцүүлгийг нээж Төрийн албаны зөвлөлийн дарга МУИС-ын дугуй танхимд хэлсэн үгэндээ Төрийн албаны шинэтгэлийн үйл явцад оюуны үйлдвэрлэлийн цөм болсон их дээд сургуулиуд, түүний дотор төрийн албан хаагчийн статустайгаар ажилладаг МУИС-ийн эрдэмтэн, багш нарын гүйцэтгэх үүрэг их билээ.

 

Төрийн албаны шинэтгэл нь мерит болон шатлан дэвших зарчмыг хэрэгжүүлж байна. Мөн хувийн хэвшлийн тэргүүний арга туршлагуудыг төрийн байгууллагын үйл ажиллагаанд үе шаттайгаар нэвтрүүлнэ. Үүний нэг жишээ нь head hunting буюу авьяас чадварыг “ангуучлах” арга барилаар оюуны өндөр чадамжтай иргэдийг дэмжиж төрийн албанд ажиллуулах боломжийг олгох зөв ажлын эхлэлийг тавьж байна.

 

Мөн оюуны өндөр чадамжтай боловч төлбөрийн чадвар хязгаарлагдмал, цаашид суралцах хүсэл сонирхолтой, үр дүн гаргах магадлалтай оюутан залуусыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах ажлыг хамтран эхлүүлэх хэрэгтэйг онцолсон юм.

 

Харин хэлэлцүүлгийн илтгэгчээр МУИС-ийн санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал, эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор  Ч.Ундрам ажилласан юм. Түүний энэ удаагийн илтгэлийн агуулгад аж үйлдвэрийн I-IV хувьсгалын түүхэн үйл явц, Монгол Улс аж үйлдвэрийн IV хувьсгальд оролцоход хэрхэн, яаж бэлтгэх,  гаднын зарим улс орнуулаас боловсролын бодлогоо хэрхэн зөв, оновчтой төлөвлөж амжилтад хүрсэн зэрэг жишээ баримтуудыг илтгэлдээ тодотголоо.

 

Мөн өндөр технологийн хөгжил нь өндөр боловсрол мэдлэг, оюуны өндөр чадамжтай иргэд, ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг шаардаж байгаа тул тэдгээрийг дотооддоо хэрхэн яаж бэлтгэх талаар дурдаж байв.

 

Чанартай боловсрол нь шинэ мэдлэгийг бүтээж, инновацийг нэвтрүүлэн мэдлэгт суурилсан оюуны чадамж бүхий мэргэжилтнүүдийг нийгэмд хэрхэн бэлтгэх тухай асуудлыг  энэ цаг үеийн технологийн хөгжил, хандлагатай холбон тайлбарласан нь  энэ удаагийн хэлэлцүүлгийн онцлог байлаа.

 

Иргэдийн өндөр чадамж нь үндэстэний чадамжийг дээшлүүлж улмаар төрийн албаны чадамжид эерэгээр нөлөөлөх болохыг хэлэлцүүлгийн үеэр илтгэгч, оролцогчид хөндөн ярилцаж байлаа.

 

Shuud.mn
Сонин хачин