Дэлхийн хүн амын 15 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй 
2019-12-03



Өнөөдөр Дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр. 

 

Анх 1976 оны 12 дугаар сарын 16-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей 1981 оныг Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жил, харин 1983-1992 оны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 10 жил болгон зарлажээ.  1982 оны 12 дугаар сарын гуравны өдөр 90 дэх хуралдаан болж Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жилийн хүрээнд хийгдсэн ажлуудын үр дүнг хэлэлцсэн байна. 


Улмаар зорилтот жилийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхцөл байдал сайжирсны дээр хүн амын мэдээллийн түвшин өссөн гэж дүгнэжээ. 


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 10 жилийн хөтөлбөр дууссаны дараа Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөртэй болох шийдвэр гарч, НҮБ-ын 1992 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолоор энэ өдрийг олон улсад тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гарсан бол 2006 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенц батлагджээ. 


Нэг тэрбум гаруй хүн ямар нэг хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй байдаг 


ДЭМБ-ын мэдээлснээр Дэлхийн нийт хүн амын 15 хувь нь ямар нэг хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй байдаг аж. Ойролцоогоор 110-190 сая насанд хүрсэн хүн хэвийн амьдралд оролцоход хүндрэлтэй байдаг гэнэ. Хүн амын хөгшрөлт, архаг өвчнөөр өвчлөх явдал нэмэгдсэнтэй холбоотойгоор хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдол өсдөг аж. 


Орлогын түвшин багатай орнуудад хөгжлийн бэрхшээл их 


Орлогын түвшин багатай улс орнуудад хөгжлийн бэрхшээлтэй болох байдал илүүтэй тархсан байдаг гэнэ. Эмэгтэйчүүд болон ахмад настнууд, түүнчлэн хүүхдүүд, амьдралын боломж тааруу хүн ам хөгжлийн бэрхшээлтэй болох нь их байдаг аж. 


ХБИ шаардлагатай эмнэлгийн тусламж авахгүй байх нь элбэг 


Дэлхий даяарх нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тал хувь нь эмнэлгийн тусламж авах мөнгөгүйн улмаас энэ төрлийн бэрхшээлтэй иргэд чанаргүй эмчилгээ авах тохиолдол дөрөв дахин их байдаг гэнэ. 


Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ихэнх нь боловсрол эзэмшиж чаддаггүй 


ХБИ-ийн боловсрол эзэмших түвшин харилцан адилгүй ч мөн л ядуу буурай орнуудад боловсролын түвшин бага байдаг гэнэ. Тухайлбал, Энэтхэгт эрүүл хүүхдүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бага сургуульд хамрагдах зөрүү нь 10 хувь байдаг бол Индонезид энэ үзүүлэлт 60 хувь байдаг аж. 


ХБИ-ийн дунд ажилгүйдлийн түвшин өндөр 


Дэлхий дахины үзүүлэлтээр хөгжлийн бэрхшээлтэй эрчүүдийн ажил эрхлэлт 53 хувь, эмэгтэйчүүд 20 хувьтай байдаг гэнэ. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудад энгийн иргэдийн ажил эрхлэлт 75 хувьтай байдаг бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил эрхлэлт 44 хувьтай байдаг аж. 


ХБИ нийгмийн амьдралд оролцох чадвартай 


ДЭМБ-ын мэдээлснээр орлогын түвшин маш өндөр байдаг орнуудад ч нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 20-40 хувь нь өдөр тутмын амьдралдаа тусламж авч чаддаггүй гэнэ. АНУ-д насанд хүрсэн ХБИ-ийн 70 хувь нь өдөр тутмын амьдралдаа гэр бүл болон найз нөхдийн дэмжлэг авдаг аж. 


ХБИ-ийн эрхийн тухай конвенци тэдний эрхийг дэмжин, хамгаалах учиртай 


Өнөөдөр дэлхийн 150 гаруй орон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцэд нэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин