БНХАУ Америкийн дипломатуудыг Шинжаан руу нэвтрэхийг хориглож болзошгүй

БНХАУ-ын эрх баригчид Шинжаан Уйгурын өөртөө засах орны нутаг дэвсгэрт Америкийн дипломат паспорт эзэмшигчдийг нэвтрүүлэхийг хориглож болзошгүй талаар Global Times сонины ерөнхий редактор Ху Сицзинь мэдээлжээ.
"Миний мэдэж байгаачлан, АНУ-Шинжааны тухай хуулийн төслийн талаар төлөвлөгөө гаргаж эхэлснээс хойш Хятад улс энэ асуудал дээр нэгдэж байгаа албаны этгээдүүд болон сенатчдын эсрэг хязгаарлалт тавих боломжийг судалж байгаа. Түүнчлэн БНХАУ Америкийн дипломат паспорт эзэмшигчдийг бүгдийг нь Шинжаанд нэвтрэхийг хориглож болзошгүй" хэмээн тэрбээр Твиттер хуудсандаа бичжээ.
Үүнээс өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео Шинжаан Уйгурын өөртөө засах оронд янз бүрийн цаг хугацаанд нэг сая хүртэлх тооны хүн баривчлагдсан байж болзошгүй хэмээн мэдэгдэж байв. Үүний хариуд БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан мэдэгдэл хийхдээ Шинжаанд үндэсний болон шашнаар ялгаварлан, хүний эрх зөрчигдөөгүй хэмээн онцолж байлаа.
Шинжаан Уйгурын өөртөө засах орон бол ихэнх нь ислам шүтлэгтэй, БНХАУ-ын үндэсний цөөнх болох уйгурууд хамгийн ихээр суурьшсан бүс нутаг юм. Хятадын эрх баригчдын мэдээлснээр Шинжаанд олон улсын исламын алан хядах бүлэглэлүүдтэй холбоотой салан тусгаарлаг бүлэглэлүүд үйл ажиллагаа явуулдаг аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ