МАН-ын "дахин сонголт"
2019-12-3

 

 

Сонгуулийн холимог тогтолцоог эрх баригчид дахин сонголоо. Дахин гэдэг нь МАН парламентад олон суудалтай байхдаа 2012 оны УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулсан. Тэр үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх намын жагсаалтаар сонгогдсон ч хувийн асуудлаар УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөж байсан. Улс төрийн намын нэр хүндийн 50 хувь нь намын даргад хамаардаг гэдэг. Гэхдээ энэ цаг үед урвуу хамаарал үйлчлээд байгаа. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн тогтолцоогоор эрх баригч хүчин олонхи болсон ч эс болсон ч намын дарга нь жагсаалтаар нэр дэвшин сонгогдох нөхцөл бүрдсэнийг ажиглагчид хэлж байгаа.  Тиймээс энэ удаагийн УИХ-ын сонгуулийн тухай хууль дахь сонгуулийн тогтолцоо улсын бус намын бодлогоор  хэрэгжиж байгаа нь тодорхой. 

 

УИХ-ын сонгуулийн төсөлд “УИХ-ын сонгуулийн тогтолцоог Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах, улс орны эдийн засгийн болон нийгмийн хөгжилд эергээр нөлөөлөх байдлыг үндсэн шалгуур болгон тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоог сонгон авсан байна. Ингэхдээ 50+26 буюу 50 гишүүн нь жижиг тойргийн сонгогчдоос шууд санал авах, 26 нь том тойрог буюу Монгол Улсын нийт иргэдээс санал авч сонгогдох юм. Ингэснээр нам дугуйлах хэлбэрээс хүнээ сонгож дугуйлах хэлбэрт шилжиж, ард түмэн өөрийнхөө элч төлөөлөгчийг өөрсдөө шууд сонгох Үндсэн хуулийн суурь зарчим хэрэгжинэ” гэжээ. Ингэхдээ:

 

-Сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцох эрхтэй байх;

 

-Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэхдээ ээлжит сонгуулийн өмнөх жилийн 1-р сарын 1-ний өдрөөс ээлжит сонгуулийн жилийн 4-р сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд тухайн намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайланг ирүүлэх;

 

- Нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн бол нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байх;

 

-Сонгуулийн сурталчилгаа явуулах арга, хэлбэрийг сонгуулийн зардал багасгах зорилготой уялдуулан тогтоох;

 

-Сонгуулийн зардлын гүйцэтгэлд тавих хяналтыг илүү сайжруулах, үр дүнтэй болгох талаар төрийн аудитын байгууллагын эрх хэмжээг нэмэгдүүлэх зэрэг онцлог зохицуулалтуудыг тусгасан байна.

 

2012 оны 26 буюу  улс нэг тойрогт хүч үзсэн намуудаас сонгогдсон зарим эрхмүүдийг хараад улстөрчдийн нүд  орой дээрээ гарсан юм даг.  Харин энэ удаад намын жагсаалтаар биш  намаас улсын хэмжээнд нэрийг нь дэвшин өрсөлдүүлэх нэр дэвшигчийг дугуйлна гэсэн тодотголтой хуулийн төсөл орж ирж байна.  Энэ нь намын ард нэр дэвшигчид нуугдахгүй гэсэн санааг агуулж байгаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд АН-аас сонгуулийн холимог тогтолцоог санал болгож байсан ч эрх баригчид дэмжээгүй “суурь хуулиндаа тусгаад явах нь зөв” гэсэн байр суурьтай байсан. Энэ нь ч өнөөдөр биеллээ олжээ. Улс нэг тойрогт өрсөлдөх намын жагсаалтад нэр дэвшигчдийг намын дарга, ерөнхий нарийн бичиг тэргүүлж, бусдаар үргэлжилнэ.  АН, МАН хоёрын тухайд эхний 8-д багтахаар нэр дэвшигчдийн хооронд халуухан өрсөлдөөн явагдах нь тодорхой.

 

Өмнөх 2012-2016 оны парламентад намын жагсаалтаас сонгогдсон гишүүд өөрсдийгөө “надыг ард түмэн сонгосон” гэх атлаа өрсөлдөгчөө “оймсноос төрсөн” гэж хатгаж байлаа. Харин энэ удаад улс нэг тойргоос нэрээ дэвшүүлэн сонгогдох эрхмүүд “ард түмэн” гэдэг үгийг Ерөнхийлөгчтэй эн тэнцүү “ашиглахаар” харагдаж байна. Тэгээд ч 76 жижиг тойргийг дов, жалганы асуудал ярилаа гэж гоочилдог. Үнэндээ ч улсын төсөв батлах үеэр гишүүд тойрогтоо хөрөнгө оруулалт татах гэж зүтгэдэг нь үнэн. Харин намын жагсаалтаар сонгогдсон гишүүд улсын асуудал гэхээсээ хувийн эрх ашгийг өмнөө барьж, элдэв төсөл хөтөлбөрийг лоббидох үзэгдэл гарч л байсан, өмнөх парламентад. 

 

Эрх баригч хүчин сонгуулийн тогтолцоо, тойргийг зурагладаг.  Ямартай ч УИХ-ын сонгуулийн хуулийн төслийг  энэ сардаа багтаан батална. Үүнтэй зэрэгцээд том, жижиг гэлтгүй улс төрийн хүчнүүд шинэ оныг сонгуулийн бэлтгэлээ базаасаар угтана. Хөшигний ард  улс төрийн намууд тойрогт хэнийг зольж, жагсаалтад хэнийг зоохоо шийдэхээр ширүүхэн начилдах нь ээ.

 

Н.Энхлэн 

Shuud.mn
Сонин хачин
Болд:
Намыг биш хунийг нь сонгоцгоое
2019-12-03
Зочин:
Ардын нам ардчилсан намыг дахьж торийн дээр гаргахгуйг ард тумэн мэдэж байгаа шуу
2019-12-03
GUTSOO:
MAN AN 2-iig songono l gej bhgui
2019-12-03