The Wall Street Journal: Орос, Хятадын түншлэл АНУ-д сорилт болж байна
2019-12-04

 

 

ОХУ-аас БНХАУ руу хоёр орны 30 жилийн хугацаат гэрээний дагуу хий нийлүүлэх "Сила Сибири" хоолой ашиглалтад орсон талаар бид өчигдөр мэдээлсэн. Харин энэ үйл явдлыг улс төрийн талаас нь  барууны, тэр дундаа Америкийн хэвлэл хэрхэн мэдээлж байгаа талаар дуулгах үүднээс The Wall Street Journal -ын нийтлэлийг товчлон хүргэж байна.

 

Даваа гаригт 2900 км урттай хий дамжуулах хоолой Хятад руу Оросын хийг дамжуулж эхэллээ. Өртөг нь 55 тэрбум ам.доллараар үнэлэгдэж буй энэ хий дамжуулах хоолой нь эрчим хүчний дэд бүтцийн салбар төдийгүй улс төрийн инженерингийн талбарт асар том ололт болов. 

 

Зөвлөлт Холбоот Улс задран унаснаас хойших хамгийн чухал эрчим хүчний төсөл болсон "Сила Сибири" хий дамжуулах хоолой нь АНУ-ыг сорьсон, дэлхийн хоёр гүрний хоорондын хамтын ажиллагааны шинэ эрин ирснийг илтгэж байна.

 

Олон жилийн өрсөлдөөн, харилцан үл итгэлцлийн дараа Москва, Бээжин хоёр дэлхийн улс төр, худалдаа, эрчим хүчний зах зээлүүдэд нөлөөлөн, эдийн засаг болоод стратегийн түншлэлээ өргөжүүлсээр байгаа юм. Харин энэ зуур өдгөө Бээжин Вашингтонтой худалдааны дайн хйиж байгаа бол Орос Барууны харилцаа улам бүр л таагүй болж байна. 

 

"Хятад, Орос хоёр хүчээ нэгтгэж байгаа нь АНУ тэргүүлсэн өнөөгийн нөхцөл байдлыг орлохуйц хувилбар бий гэдгийг сануулж буй дохио" хэмээн Колумбийн их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан, Тагнуулын төв газрын эрчим хүчний шинжээч асан Эрика Даунс өгүүлжээ. 

 

 

Арванхоёрдугаар сарын хоёрны өдөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин болон Хятадын дарга Ши Жинпин нар теле гүүрийн зарчмаар холбогдон дээрх хийн хоолойн нээлтийн ажиллагааг хийсэн бөгөөд энэ үеэр Ши Оросын Ерөнхийлөгчийг бусад орны төрийн тэргүүнүүдийн дундах " дотно найз" хэмээн нэрлэв.

 

Байгалийн хийн асар их нөөцтэй Орос улс Барууны орнуудын хориг арга хэмжээний улмаас эдийн засаг нь суларч, тиймдээ ч энэ оронд мөнгө хэрэгтэй. Харин дэлхий дээр АНУ-ын дараа хоёрдугаарт эдийн засаг нь бичигддэг Хятад улс түлшээр дутагдаж байгаагийн дээр аажмаар нүүрснээс татгалзах хүсэлтэй байгаа юм.

 

"Хятад улсад эрчим хүчний нөөц хэрэгтэй. Манайд тэр нь бий, энэ бол туйлын зүй ёсны түншлэл. Энэ түншлэл үргэлжилнэ" гэж Путин 10 дугаар сард мэдэгдэж байв.

 

2014 онд Украины Крымийн хойгийг Москва өөрийн болгосонтой холбоотойгоор АНУ болон Европын холбоо Оросыг шийтгэхээр шийдсний дараагаас Орос улс Хятадтай харилцах харилцаагаа идэвхитэй хөгжүүлж эхэлсэн юм. Хохирол дагуулсан хориг арга хэмжээтэй нүүр тулсан Кремль өөрсдийг нь түлхэхгүй байх тэр л орнууд руу хандаж эхэлсэн. 

 

Орос улс 2014 оны гуравдугаар сард Крымийн хойгийг эзлэн түрэмгийлсэн. Харин хий дамжуулах хоолой байгуулах хэлэлцээрийг Хятадын талтай мөн оны тавдугаар сард хийсэн бөгөөд энэ нь Путин болон Ши нарын гарын үсэг зурсан, байгалийн хий нийлүүлэх 400 тэрбум ам.долларын хэлэлцээр байв.

 

Тэр үеэс хойш хоёр орны хамтын ажиллагаа цэргийн салбарт ч өргөжив. 2018 оны есдүгээр сард Хятадын болон Оросын цэргийн алба хаагчид цэргийн хамтарсан сургууль хийсэн юм. Тухайн үед хуучин Зөвлөлтийн бүгд найрамдах улсуудаас бүрддэг Оросын холбоотнуудын давчуу хүрээнд үл багтах орныг өргөн цар хүрээтэй цэргийн сургуулилтад Москва урьсан анхны тохиолдол нь энэ байлаа. 

 

Оросын Засгийн газрын албан ёсны мэдээллээр, 2018 онд Орос, Хятадын хоорондын бараа эргэлт 100 тэрбум ам.долларыг давж дээд амжилтад хүрчээ.

 

Энэ оны зургаадугаар сард, хэдийнэ АНУ-ын хар жагсаалтад багтчихаад байсан Хятадын технологийн гигант Huawei Орост 5G сүлжээг байгуулахаар Оросын үүрэн холбооны МТС оператортой гэрээ хийв.

 

Москва доллараас татгалзахыг эрмэлзэж байгаа бөгөөд тиймдээ ч Хятадын юань Оросын валютын нөөцийн чухал бүрдүүлэгч болжээ. Оросын Төв банкны мэдээлснээр, 2018 оны гуравдугаар сард Оросын валютын нөөц дэх юанийн эзлэх хувь 5 хувь байсан бол жилийн дараа энэ үзүүлэлт 14,2 хувь болсон байна. Энэ шилжилт нь худалдааны хөгжлийг дэмжиж байгаа бөгөөд учир нь Орос улс Хятадын бизнестэй хамтрахдаа юаниар тооцоо хийхийг илүүд үзэж байгаа юм. 

 

Гэлээ ч энэ эвслийн дунд хүндрэлүүд бий. Төв Ази зэрэг бүс нутгууд дахь нөлөөллийн төлөөх өрсөлдөөн нь хамтын ажиллагаанд нь саад болж мэдэх юм. Оросын Алс Дорнодод саяхан Хятадын бизнесийн эсрэг, тэр дундаа Байгал нуурын усыг савлах, Сибирийн ойг огтлох үйлдвэрүүдийн эсрэг жагсаал болсон. Нутгийн оршин суугчид хятадууд болон Хятадын компаниуд олноор орж ирж байгааг "Хятадын довтолгоо" хэмээн нэрлэж байгаа аж.

 

Оросын эдийн засгаас найм дахин том Хятадын эдийн засаг худалдааны харилцаан дээр Бээжинд давуу талыг олгож байгаа бөгөөд энэ тал дээр Орос жижиг түнш гэж үзэх шинжээчид ч бий.

 

Оросоос байгалийн хий авахаар болсон нь Бээжинд АНУ-тай хийж буй худалдааны дайнд давуу тал олгож байгаа юм. Учир нь Оросоос байгалийн хий авснаар Хятад Америкийн үнэтэй байгалийн шахсан хийнээс хамааралтай байх нөхцлийг бууруулж байгаа хэрэг.  Өнгөрсөн жил Хятад улс 10 хувийн импортын татвар ноогдуулах хүртэл Америкийн байгалийн шахсан хийн нийлүүлэлтийн хэмжээ эрчимтэй өсч байлаа. Улмаар Бээжин энэ татварыг 25 хувь болгож өсгөсний дараа Америкаас Хятад руу хий нийлүүлэлт зогссон юм.

 

Вашингтон, Бээжин хоёр худалдааны хэлэлцээрийг дуусгаж, эрчим хүчний нөөцүүдийн тарифыг бууруулсан ч Орос Хятадын хийн зах зээлд орсон нь Америкийн байгалийн шахсан хий үйлдвэрлэгчдийн хувьд томоохон саад болсон хэвээр байна. 

 

Түүнчлэн Орос Хятадын эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа нь АНУ, Канад болон бусад улс орнууд хөлөг онгоцны зам, нөөцийнх нь төлөө өрсөлддөг Арктик дахь Хятадын нөлөөг нэмэгдүүлж байгаа юм. Энэ бүс нутагтай шууд хиллэдэггүй Хятад улс одоо энэ маргааны нэгэн оролцогч болж байгаа хэрэг.

 

Хятад улс Арктик дахь Оросын томоохон хийн төслүүдэд олон тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн. Хятадын далайн томоохон тээвэрлэгч Cosco Shipping Holdings  болон Оросын ПАО Совкомфлот төрийн өмчит компани мөс зүсэгч танкер-хий тээвэрлэгчдийн флотын удирдлагын хамтарсан компани байгуулсан юм.

 

Коммунист ертөнц дэх тэргүүлэгч байр суурийн төлөөх өрсөлдөөн, үзэл суртлын ялгааны үр дүн болсон харилцан үл итгэлцэл, өрсөлдөөний улмаас Орос, Хятад улс эрчим хүчний салбарт түншлэл тогтоож чадалгүй олон жилийг үдсэн. Энэ хоёр орны хооронд хил орчмын мөргөлдөөн гарч байсан бол хүйтэн дайны үеэр харилцаагаа тасалж байлаа. 1970-аад оноос эхлэн яригдаж эхэлсэн газрын тос дамжуулах хоолой 2009 онд л ашиглалтад орсон юм. Хий дамжуулах хоолойн төсөл хэрэгжүүлэх явц ч үнийн маргаан болон дэд бүтэц байхгүйн шалтгаанаар удааширч байв. 

 

2014 онд хэлэлцээр байгуулснаасаа хойш Москва Хятад руу нийлүүлэх газрын тосны хэмжээгээ нэмэгдүүлснээр Саудын Арабыг гүйцэн, Хятадын газрын тосны гол нийлүүлэгч болсон юм.

 

 

Оросоос Хятад руу хий нийлүүлэх хоолой ашиглалтад орлоо 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин