Монгол Улсад орон сууцны зээлтэй 95 мянган иргэн байна
2019-12-04
Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсад орон сууцны зээлтэй 95 мянган иргэн байна. Орон сууцны тогтвортой тогтолцоог бий болгох найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2013 онд хамгийн их буюу 38,273 орон сууц борлогдсон. Үүнээс 63 хувийг ипотекийн зээлээр борлуулжээ.

 

Ипотекийн зээлээр орон сууц худалдан авсан нэг иргэн дунджаар 55.3 сая төгрөг эргэн төлөх ёстой. Өнөөдрийн байдлаар зээлдэгчдийн 76 хувь нь 20-80 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд 73 хувь нь 10-20 жилийн дараа зээлээ төлж дуусгахаар байна.

 

Өрхийн сарын орлого 1.1 саяаас 1.5 сая төгрөг бол ипотекийн зээлийн шаардлага хангадаг бөгөөд өрхийн орлогын 30 хувийг орон сууцны зээлд төлөх стандарттай. Сард нэг өрх дунджаар 513 мянган төгрөгийг орон сууцны зээлийн төлбөрт суутгадаг бөгөөд 67.2 хувь нь 200-400 мянган төгрөг төлж байна.

 

Зээлдэгчийн ажил эрхлэлтийн байдлыг байгууллагаар авч үзвэл цалингийн орлоготой зээлдэгчид 87.10 хувь байна. Үүнээс ипотекийн зээлд хамрагдсан байгаа нь цалингийн орлоготой буюу нийгмийн ажилчин давхаргад хөтөлбөр түлхүү хүрсэн гэж үзэж болох юм. Нийт зээлдэгчийн 54.01 хувь нь аж ахуй нэгж, 33.00 хувь нь төсөвт байгууллагад, 10.27 хувь нь хувиараа хөдөлмөр эрхлэгч, 2.14 хувь нь ажил олгогч байна.  

 

Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн зээл авах үеийн сууцны төрлийг авч үзвэл 34.6 хувь нь буюу 26,289 нь гэр хороололд амьдардаг байсан бол 65.4 хувь нь буюу 49607 нь орон сууцанд амьдардаг байжээ. Үүнээс Улаанбаатар хотын гэр хороололд оршин суудаг зээлдэгчийн тоо 17,449 /66.4 хувь/, орон нутгийн гэр хороололд оршин суудаг зээлдэгчийн тоо 8,840 мянга /33.6 хувь/ байжээ. Тэгвэл Улаанбаатар хотод орон сууц худалдан авсан зээлдэгчийн тоо 17,253 /98.9 хувь/, орон нутагт орон сууц худалдан авсан зээлдэгчийн тоо 196 /1.1 хувь/ байна.

 

Нийт зээлдэгчид 80 метр квадрат байр худалдан авах боломжтой ч 30-50 метр квадрат талбайтай орон сууц түлхүү худалдан авчээ.

 

Зээл авсан иргэдийн 55 хувь нь эрэгтэй, 45 хувь нь эмэгтэй бол зээл авах үеийн дундаж нас 33-35 байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
ulaanbaatariin emegtei:
Ipoetkiin zeeliin huug buuruulj busad sambaraa awraachee.
2019-12-04