Илон Маск хүн гүтгэсэн хэргээр шүүхийн өмнө зогслоо
2019-12-04

 

SpaceX компанийн тэргүүн Илон Маск Британийн шумбагч Вернон Ансуортыг гүтгэсэн хэргээр Лос-Анжелесын шүүхэд дуудагдсан талаар NBC мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Маск өмнө нь Ансуортыг педофил буюу хүүхэд хүчирхийлэгч хэмээн нэрлэж байсан бөгөөд шүүх хурлын үеэр Илон Маск өөрийг нь буруутгаж байгааг няцааж, шууд утгаар нь хүүхэд хүчирхийлэгч гэж хэлээгүй хэмээн мэдүүлсэн байна. 

 

Мөн Илон Маскийн өмгөөлөгч Алекс Спайрс энэ тохиолдолд "баримт биш харин доромжилсон үгс" гэж үзэх нь зүйтэй хэмээн үйлчлүүлэгчээ хамгаалжээ.

 

Дашрамд дуулгахад, Британийн шумбагч өнгөрсөн онд Тайландад усанд автсан агуйгаас 12 хүүхэд аврах ажиллагаанд оролцсон юм. Энэ үеэр Маск болон түүний компани Тайланд улс руу хувийн шумбагч хөлөг болон шумбагчдад тусламж илгээж байв.

 

Энэ үйл явдлын дараа шумбагч Ансуорт "Маск хүүхдүүдийг ашиглаж болохгүй, энэ нь ердөө пиар, өөрийнхөө завийг өөр газарт аваач" хэмээн мэдэгдсэн нь Илон Маскийг бухимдуулсан. Улмаар Илон Маск хэдэн сарын туршид шумбагч эрийг хүүхэд хүчирхийлэгч хэмээн нэрлэж байв. Мөн Ансуорт насанд хүрээгүй хүүхэдтэй гэрлэхийн тулд зориуд Тайландад суурьшсан гэж мэдэгдэж байлаа.

 

SpaceX компанийн тэргүүний энэхүү мэдэгдлүүд олон нийтийн дургүйцлийг төрүүлж, Илон Маск дуулиан тарьсан жиргээнүүдээ устган, бухимдсаны улмаас ийм мэдэгдэл хийснийхээ төлөө уучлалт гуйж байв.

 

Гэвч Ансуорт түүнийг уучлалт гуйсныг үл хайхран, шүүхэд түүний эсрэг нэхэмжлэл гарган, сэтгэл санааны хохирол хэмээн 75 мянган ам.доллар шаарджээ.

 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин