Цэргийн сургуулиас хасагдсан сонсогчид улсад нөхөн төлбөр төлдөг болно
2019-12-04

 

Төрөл бүрийн шалтгаанаар цэргийн сургуулиас хасагдсан сонсогчид улсад учруулсан хохирлыг нөхөн төлдөг болох журмыг Оросын Батлан хамгаалах яамны боловсруулсан шинэ журамд тусгажээ. 

 

Төлбөрийн хэмжээ нь тухайн сонсогчийн суралцаж байсан мэргэжлээс хамааран харилцан адилгүй байх гэнэ. Зарим тохиолдолд нөхөн төлбөрийн хэмжээ жилийн 400 мянган рубльд ч хүрэх боломжтой талаар Батлан хамгаалах яамны хэвлэлийн алба мэдээлсэн байна.

 

Энэ арга хэмжээ нь сонсогчдын сахилга батыг дээшлүүлэхэд чиглэгдсэн бөгөөд үүний зэрэгцээ ямар тохиолдолд сонсогчдыг хасах талаарх журмыг нарийвчлан боловсруулахаар болжээ.

 

Өмнө нь сурлага сахилга бат хангалтгүй, цэргийн алба цаашид хаах хүсэлгүй зэрэг шалтгаанаар сургуулиас хасагдсан сонсогчид нөхөн төлбөр төлдөг байсан бол одоо цэргийн албаны хориглох заалт, хариуцлагыг зөрчсөн, хар тамхины сорилд хамрагдахыг эсэргүүцсэн зэрэг шалтгааныг нэмэж оруулахаар болжээ. 

 

ОХУ-д цэргийн алба хаагчийг үнэ төлбөргүй бэлтгэдэг ч цэргийн техник, сургалтын хэрэглэгдэхүүн гээд олон төрлийн зардал гардаг тул ийм шийдвэр гаргасан байна.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин