Бүх нийтийн ажил хаялтын улмаас 550 км үргэлжилсэн түгжрэл үүсчээ

img

Францын Иль-де-Франсд 550 км үргэлжилсэн замын түгжрэл үүсчээ. Энэ нь өнөөдөр буюу 12 дугаар сарын тавны пүрэв гаригт эхэлж буй бүх нийтийн ажил хаялтаас үүдэлтэйгээр францчууд бүгд хувийн машинаа ашигласантай холбоотой гэж ВВС мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, нийтийн тээврийн жолооч нар, төмөр замчид, гал сөнөөгчид, багш нар болон цагдаагийн алба хаагчдын үйлдвэрчний эвлэлүүд тус улсын Ерөнхийлөгч Макроны хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тэтгэврийн шинэчлэлтийн эсрэг ийнхүү ажил хаялт зохион байгуулж байгаа аж. 

 

Бүх нийтийн ажил хаялтын хүрээнд улс орон даяар хурдны галт тэрэгнүүдийн хөдөлгөөн 90 хувиар буурч, Парис хотноо метроны 11 шугам зогсох юм байна. 

 

Өмнө нь, энэ оны есдүгээр сард тээврийн салбарынхны  ажил хаялт зохион байгуулагдсан бөгөөд энэ үеэр мөн л тээврийн салбар гацаанд орж байв. Тухайн үед авто замууд дээр асар их түгжрэл үүсч, олон мянган хүн ажиллаж байсан цөөн тооны метроны станцууд дээр дугаарлан, явган, унадаг дугуй, скутер зэргээр ажилдаа очиж байжээ. 

 

Тээврийн  салбарынхан ийнхүү ажил хаясны улмаас Парисын метроны 16 шугмын 10 нь хаагдаж байв.

 

Дашрамд дуулгахад, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон 2025 оноос эхлэн тэтгэврийн шинэчлэлт хийх болсонтой холбоотойгоор олон нийтийн эсэргүүцлийн давалгаа үүссэн байна. Шинэчлэлтийн дагуу тэтгэврийг тогтоох зарчмыг өөрчлөн, тэтгэврийн онооны системд шилжих аж. Хэдийгээр тэтгэвэрт гарах насыг 62 нас гэж хэвээр нь үлдээсэн ч францчууд бүрэн тэтгэвэр авахын тулд дор хаяж 64 хүртлээ ажиллах шаардлагатай болж байгаа юм байна.

 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ж:
Францаас жагсаал тэмцлийн мэрэгжилтэн урьж (хөлсөлж) авчиры таминээ хөлс мөнгө босгоцгооёоо
2019-12-08