Путин хийн хоолойг Монголоор дамжуулахыг дэмжив

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Хятад руу нийлүүлэх хий дамжуулах хоолойг Монголын нутаг дэвсгэр дээгүүр дайруулан барих саналыг хүлээн авсан талаар ОХУ-ын дэд сайд Алексей Гордеев мэдэгджээ.
Энэ талаар Интерфакс мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Оросын төрийн тэргүүн техник эдийн засгийн үндэслэлийг эцэслэн судалж, гурван орны удирдлагад тайлагнахыг шинжээчдэд үүрэг болгожээ.
"Хугацааг хатуу тогтоосон, хагас жилийн дотор бүхнийг тооцоолон, санал гаргах ёстой" хэмээн Гордеев өгүүлсэн байна.
Орос, Хятад улс 2000-аад оны эхээс хийн хоолойг Монголын нутаг дэвсгэр дээгүүр дамжуулах хувилбарыг авч үзэж байсан ч олон тооны сөрөг шалтгааны улмаас өнөө хэр нь хэрэгжээгүй юм. Саяхныг хүртэл "Сила Сибири-2" хий дамжуулах хоолой өөр чиглэлээр дайрна гэж таамаглаж байлаа. Өмнө нь Бээжин Монголоор дамжуулахыг эсэргүүцэж байсан бол одоо энэ хувилбарыг дэмжиж байгаа хэмээн Путин онцолсон байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар, магистралын төслийг гаргахад хоёр хүртэлх жилийн хугацаа, харин барьж байгуулахад дөрвөөс таван жил шаардлагатай гэнэ. Энэ хугацаанд Орос улс одоогоор байхгүй нийлүүлэлтийн нөөцийн баазыг боловсруулж амжих шаардлагатай юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ