Таны хүүхэд хаана, хэнтэй нөхөрлөж, юу хийж явна вэ?
2019-12-06

Таны хүүхэд хэнтэй найзалж, нөхөрлөн, хаагуур юу хийж яваа, хичээл нь хэдэн цагт тараад гэртээ хэзээ ирдгийг та мэдэх үү? Энэ асуултыг та өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

ТЦА-ны алба хаагчид өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 5-ны өдөр 14.00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Сүхбаатарын талбайн зүүн талд хөдөлгөөнд оролцож явсан "Тоёота ист" маркийн автомашиныг зогсоон шалгахад 11-15 насны таван эрэгтэй хүүхэд уг тээврийн хэрэгслийг хууль бусаар олж авч жолоодож явсан зөрчлийг илрүүлжээ. 

 

Тухайн хүүхдүүд эзэнгүй машинд түлхүүр тааруулдаг, эзэн нь түр орхисон асаалттай автомашионыг хулгайлан унаж зугтдаг олон удаагийн үйлдэлтэй болох нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Хүүхдүүд биедээ болон оймсондоо өөр тээврийн хэрэгслүүдийн олон түлхүүр нуусан байжээ. Зөрчлийг илрүүлэх явцад унаж явсан автомашин нь хулгайлагдсан, барилга байгууламж мөргөсөн байж болзошгүй эвдрэлтэйгээр олдсон байна. 

 

Уг зөрчлийг гаргасан хүүхдүүд "ПС тоглоом, гулгах газар руу явахын тулд автомашиныг хууль бусаар олж авч, хөдөлгөөнд оролцож явсан" хэмээн тайлбарлажээ. ТЦА-наас харьяаллын дагуу СХД-ийн цагдаагийн хэлтэст тээврийн хэрэгслийг хүүхдүүдийн хамт хүлээлгэн өгчээ. 

 


Энэ мэтчилэн эцэг, эхчүүдийн хараа хяналтгүй, хайхрамжгүй байдлаас болж, шилжилтийн насандаа яваа охид, хөвгүүд гэмт хэргийн хохирогч, холбогдогч болсоор байна. Гол төлөв эцэг, эх асран хамгаалагч нь хараа хяналт тавьдаггүй,  гэр бүлийн архидалт, таагүй орчинд амьдардаг хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох, гэмт халдлагад өртөх нь их байгаа судалгаа гарсан байдаг. Тэгвэл хүүхдүүдэд хэн хараа хяналт тавьж, хайр халамжаа зориулах вэ!  Энэ асуултыг танд үлдээе.

 

Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн байдлаар 2833 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 4922 хүүхэд гэмт хэрэгт өртөж, хохирсон байна. Тухайлбал хүүхэд ихэвчлэн Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу зодолдох, танхайрах, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг болох хулгайлах, залилах, дээрэмдэх гэмт хэрэг үйлджээ.

 

Эцэг, эхчүүд та бүхэн ч хүүхдээ миний хүү, миний охин биеэ даах чадвартай болсон гэж анхаарлаа сулруулалгүй хэнтэй нөхөрлөж, хаагуур юу хийж явааг анхаарч элдэв гэмт хэргийн золиос болгохоос сэрэмжлээрэй.

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
SHITHOLE COUNTRY
2019-12-06