TIME: "Оны хүн"-д нэр дэвшигчдийн жагсаалтад Дональд Трамп, Ши Жинпин нар багтжээ
2019-12-10

 

 

Time сэтгүүл жил бүр "Оны хүн"-ийг нэрлэдэг уламжлалтай. Энэ жил "Оны хүн"-д нэр дэвших эрхмүүдийн богино жагсаалтад  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жинпин нар багтжээ.

 

Дональд Трамп "Оны хүн"-д дөрөв дэх удаагаа нэр дэвшиж байгаа нь энэ бөгөөд харин 2016 онд "Оны хүн"-ээр нэрлэгдэж байв.

 

Түүнчлэн нэр дэвшигчдийн жагсаалтад Трампын хувийн өмгөөлөгч Рудольф Жулиани, Америкийн төрийн тэргүүний импичментийг зарлах ажиллагааны гол хүн болоод байгаа АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси нар багтжээ. Нэнси Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй Трамп утсаар ярихдаа дарамт шахалт үзүүлсэн гэдэг үндэслэлээр Трампын импичментийг зарлах ажиллагаа эхлүүлсэн юм. Түүнчлэн энэхүү дуулианд нэр нь холбогдсон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ч "Оны хүн"-д нэр дэвшигчдийн жагсаалтад багтсан байна. 

 

Улс төрийн хүрээллийнхнээс гадна Фейсбүүк компанийн үүсгэн байгуулагч, тэргүүн Марк Цукерберг, Шведийн экологийн төлөөх тэмцэгч Грета Тунберг, Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн, АНУ-ын шигшээ багийн хагас хамгаалагч, хөлбөмбөгчин эмэгтэй Меган Рапино нар багтжээ. 

 

Мөн эх газрын Хятад руу хууль зөрчигчдийг шилжүүлэх хуулийн төслийг эсэргүүцэн олон сар тэмцэн, хуулийн төслийг эргүүлэн татсан ч засгийн газрын эсрэг тэмцлээ үргэлжүүлэн, хотод эмх замбараагүй байдал үүсгэж байсан  Хонконгийн олон нийтийн эсэргүүцлийн арга хэмжээний оролцогчид ч энэ жагсаалтад багтжээ. 

 

Энэ онд олны анхаарлыг ихээр татаж, хэвлэл мэдээллийн гол сэдвүүдийн нэг байсан эдгээр эрхмүүдийн хэн нь Тайм сэтгүүлийн "Оны хүн"-ээр нэрлэгдэх нь 12 дугаар сарын 11-нд тодорхой болох юм байна. 

 

"Оны хүн"-ий тухай 

 

Америкийн долоо хоног тутмын "Тайм" сэтгүүл жил бүрийн 12 дугаар сард "Оны хүн"-ийг нэрлэдэг уламжлалтай. "Оны хүн" -ий зургийг сэтгүүлийн нүүрэн дээр хэвлэдэг бөгөөд түүнийг тодруулахад тодорхой шалгуурууд гэж байхгүй, гагцхүү тухайн онд нийгэмд эерэг , сөрөг гэдгээс үл хамааран хамгийн их нөлөө үзүүлсэн хүнийг оны хүнээр нэрлэдэг байна. 

 

Хамгийн анх 1927 онд Америкийн нисэгч Чарльз Линдберг "Оны хүн" гэсэн алдрыг хүртэж байв. Тэрбээр Атлантын далайг туулан ганцаараа ниссэн түүхэн дэх анхны нисэгч байлаа. 

 

"Оны хүн" тодруулж эхэлсэн түүхэнд 70 орчим удаа улс төр болоод нийгмийн зүтгэлтнүүд энэ алдрыг хүртэж байв. Тухайлбал Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөөх тэмцэгч Махатма Ганди 1930 онд, Британийн Ерөнхий сайд Уинстон Черчиль 1940 болон 1949 онд, Их Британийн хатан хаан II Елизавета 1952 онд, Францын төрийн зүтгэлтэн, генерал Шарль де Голль 1958 онд, өнгөт арьстнуудын эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кинг 1963 онд, Америкийн төрийн зүтгэлтэн Генри Киссинжер 1972 онд, Польшийн улс төрийн зүтгэлтэн Лех Валенса 1981 онд оны хүнээр нэрлэгдэж байв. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин