Ерөнхийлөгчийн хориг хийгээд Сангийн сайдын үгүйсгэл
2019-12-10

 

Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд 2020 оны Монгол Улсын төсөвт хэсэгчлэн хориг тавиад байгаа.  Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригт нэн тэргүүнд нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийн нэмэгдлээс 174,2 тэрбум орчим төгрөг төвлөрүүлэхээр тусгасныг эрс эсэргүүцэж буй иргэдийн шаардлагыг Улсын Их Хурал хүлээн авч амлалт, хөтөлбөртөө нийцсэн хүнлэг, оновчтой бодлогоор нэн тэргүүнд залруулах шаардлагатай гэж үзсэн.

 

2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Нийгмийн даатгалын байгууллагад бүртгэлтэй 46 мянга орчим ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагын 19 мянга орчим нь 176,0 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй гэсэн тоон мэдээлэл байна. 2020 оноос нийгмийн даатгалын шимтгэл дахин нэмэгдэх тохиолдолд эдгээр ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагын өр улам өсөх, Нийгмийн даатгалын сангийн алдагдал ихсэх, ажил олгогчдын ажлын байр шинээр бий болгох болон ажилтныхаа цалин хөлсийг нэмэгдүүлэх сонирхол эрс буурах, дундаж давхаргын амьдрал доройтох, ажилгүйдэл ядуурал улам тэлэх зэрэг ноцтой, сөрөг үр дагаврууд шууд бий болох эрсдэл үүссээд байгаа нь үнэн.

 

Тиймээс ч хариуцлагагүй байдлын уршгаар Капитал банканд өгч алдсан нийгмийн даатгал, эрүүл мэндийн сангийн 240 тэрбум төгрөгийг олж авах, татвар төлөгчдийн мөнгийг завшсан этгээдүүдээр нь буцаан төлүүлэх асуудалд УИХ “хуулийн биелэлтийг хянан шалгах” онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд анхаарал хандуулж, холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгөн эрчимтэй, шуурхай ажиллуулах шаардлагатай гэж Ерөнхийлөгчийн хоригт дурдсан.

 

Харин ирэх оны улсын төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг “хүлээж авах боломжгүй, огт үндэслэлгүй гэж Сангийн сайд тайлбарлаж байгаа юм. 

 

2020 оны төсвийн нийт зарлага 13.87 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого 11.79 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2.07 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувьтай тэнцэхээр батлагдсан.  Ард иргэдийн амьдралд асар их дарамт, хүндрэл учруулж байгаа татвар, төсвийн бодлогоо анзаарч, хэт үрэлгэн зардлаа танаж засахын оронд урьд өмнө байгаагүй хэмжээний алдагдалтай төсвийг жил дараалан баталж, алдагдлыг улам нэмэгдүүлсээр байгаа нь улс орны эрх ашигт огт нийцэхгүй юм гэж Ерөнхийлөгч үзэж байсан.  Ирээдүйн өв сангийн тухай хуулийг баталсан бөгөөд уг хууль 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн.  Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийг дагалдуулж Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд “Корпорац бие даасан тогтвортой үйл ажиллагаа явуулах бүтэц, чадамжтай болох хүртэл сангийн хөрөнгийн удирдлагыг олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ, “Сангийн хөрөнгийн удирдлагыг энэ хуулийн дагуу байгуулагдах Корпорац хэрэгжүүлнэ” гэсэн нь хэрэгжих бололцоогүй болгож, баялгаа зүй зохистой, тэнцвэртэй, ард иргэддээ хүртээмжтэй ашиглах гэсэн Монгол төрийн нэг чухал бодлогыг тасалдуулахад хүргэж байна гэдгийг хоригт онцолсон.

 

Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох асуудал дээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мөн л ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд гэрээнд зөвхөн зорилтот бүлэгт олгохоор тусгасан хэмээх тайлбарыг хоёр жил дараалан хийж ирсэн. Харин ирэх оны төсөв өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй өрхийн хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохоор тусгасан.  Нэгэнтээ сонгуулийн жилд Сангийн сайд ОУВС-гийн нэрийг “зээлдсэнгүй” гэж ажиглагчид харж байгаа. Тэгээд ч ирэх оны төсөвт ОУВС-гийн санхүүгийн сахилга бат барих зөвлөмж “салхинд хийссэн үү”, хугацаа нь дуусч хүчингүй болгосон уу хөрөнгө оруулалт их хэмжээгээр төсөвлөгдөж, НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлсэн ч 2 их наядын алдагдалтай төсөв баталсан.  Тиймээс  ирэх оны улсын төсөвт 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих бүтээн байгуулалт, НДШ-ээс нэмэгдлээс төвлөрч, зарцуулагдах 174,2 тэрбум төгрөгийн хэмжээнд хэсэгчлэн, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тус тус хориг тавьсан.

 

Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “НДШ-ийг нэмэгдүүлэхэд хориг тавьж байгаа нь ОУВС-гийн хөтөлбөрийг эсэргүүцэж байна гэсэн үг. Сургууль, цэцэрлэг, дэд бүтцэд хөрөнгө оруулалт тусгасан. Дээр нь аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагатай. Он дамнаж хэрэгжихээс аргагүй” тайлбарыг хийж байгаа.

 

УИХ дахь МАН-ын бүлгийн шийдвэр Сангийн сайдын байр суурьтай зарим талаараа зөрүүтэй байна лээ. Гишүүд Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригоос хоёрыг нь хүлээж авах боломжгүй гэж үзэж, НДШ-ийг нэмэгдүүлэх асуудал олон нийтийн эсэргүүцэлтэй тулж байгаа тул хүлээж авах нь зүйтэй гэж үзжээ. Тиймээс ч Ерөнхийлөгчийн хоригийг хэсэгчлэн хүлээн авч, УИХ-аар хэлэлцсэний дараагаар Засгийн газарт холбогдох зохицуулалтыг хийх чиглэл өгнө гэсэн шийдэлд хүрсэн байсан. Ямартай ч хэлэлцүүлгийн шатанд гишүүдийн бүлгийн шийдвэрийг дагах уу, Засгийн газрын хараат байх уу гэдгийг харах үлдлээ.

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
zailval taarna chi
2019-12-10
Ерөнхийлөгч & Сангийн сайд:
Нийт 7 удаа шаардсан . Долууланд нь салаавч өгсөн.
2019-12-10