Айсуй өрийн эзэд буюу ах дүү долоогийн түүх
2019-12-11

 

Монголчууд зээлсэн мөнгөө гадныханд төлж эхлэхэд ганцхан жилийн хугацаа үлджээ. Улсын эдийн засагт багагүй ачаалал үүсгэх томоохон өр буюу бондын төлбөрүүд. 2016 оны гуравдугаар сард төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор 500 сая ам.доллар босгосон “Мазаалай” бондын төлбөрийг хамгийн эхэнд буюу 2021 онд төлнө. Түүний дараа жил дараалан “Чингис”, “Гэрэгэ”, “Хуралдай” бондын өрөө дуусгах учиртай.

 

Бонд гэж юу вэ. Олон улсын зах зээлд Засгийн газрын үнэт цаасыг арилжаалснаар хөрөнгө босгож, түүнийгээ тодорхой хугацааны дараа хүүтэй нь хамт эргүүлэн төлөх өрийн бичиг. Монгол Улсын Засгийн газар 2012 оноос хойш долоон удаа бонд гаргасан байдаг.

 

Хамгийн эхэнд Сү.Батболдын Засгийн газар Хөгжлийн банкинд зөвшөөрөл өгснөөр 2012 онд Евро бонд гаргасан. Таван жилийн хугацаатай 580 сая ам.доллар олж ирснийг буцаан төлөх үед эдийн засгийн хүндхэн үе таарсан тул “Хуралдай” бондыг шинээр гарган өрийг нь төлсөн юм. Мөн тэр ондоо Засгийн газрын шинэ тэргүүн Н.Алтанхуяг түүхэнд байгаагүй том үнийн дүнтэй буюу 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө босгосон “Чингис” бондыг арилжаалсан юм. Үүнээс 500 тэрбумыг нь төлчихөөд байгаа бөгөөд үлдсэн нэг тэрбумыг 2022 онд төлөх хуваарьтай. Үүний дараа 2013 онд  30 тэрбум иенийн “Самурай” бондыг 10 жилийн хугацаатай бага хүүтэйгээр Японы үнэт цаасны зах зээлд арилжаалсан. Японы талаас энэхүү бондыг өөрсдөө батлан даасан учраас эргэн төлөлт болон зарцуулалтад нь хатуу хяналт тавьдаг гэдэг. Харин 2015 онд гурван жилийн хугацаатай 160 сая ам.долларын “Дим Сам” бондыг дотоодын үнэт цаасыг санхүүжүүлэх зорилгоор гаргасан. Энэ бондын төлбөрийг болон “Чингис” бондын эхний ээлжийн 500 сая ам.долларын төлбөрийг төлөхийн тулд 2017 онд “Гэрэгэ” бондыг арилжаалсан. Дээс томж найзыгаа авардаг үлгэрээр өр тавьж өрөө дарсаар өнөөдрийн байдлаар ийнхүү дээрх дөрвөн бонд үлдээд байгаа. Жилийн дараагаас төлж эхлэх дөрвөн бондын төлбөрийг хэрхэн олох гаргалгаа, шийдэл одоогоор бүрхэг байна. Ямартай ч дахин өр зээл тавихгүй, бонд гаргахгүй гэсэн чиглэлтэй байгаа сураг сонсогдож байгаа юм. Тунаж үлдсэн дөрвөн бондыг товчхон танилцуулъя.

 

Хамгийн өндөр хүүтэй “Мазаалай”

 

Жилийн хугацаанд гурав орчим хувиар уналттай байсан “Мазаалай” бондын ханш өнгөрсөн хавраас эргэн сэргэсэн. Бусдаасаа хамгийн өндөр буюу 10.8 хувийн хүүтэй 500 сая ам.долларын үнэ бүхий “Мазаалай” бондыг 2016 оны гуравдугаар сард улс төрийн сонгуулийн өмнөхөн гаргасан билээ. Тухайн үеийн улстөржилтөөс болж 800 саяар төлөвлөсөн бонд ийнхүү 500 сая дээр буусан юм. Уг нь манай Засгийн газрын өмнөх бондуудыг худалдаж авсан эзэмшигчид “Мазаалай”-г авахаар 780 саяын захиалга ирүүлээд байсан. Гэвч гадаад өр нэмэгдсэн, төлбөрийн тэнцэл муудсан шалтгаанаар олон улс дахь Монгол Улсын нэр хүнд тодорхой хэмжээнд тааруухан байсан үе таарч хамгийн өндөр хүүтэйгээр арилжаалагдсан бонд нь энэ юм. Төсвийн алдагдал нэг их наяд орчим төгрөгт хүрээд байсан ба энэ алдлагдлыг нөхөхөд бондын хөрөнгийг зарцуулсан байдаг. Хамгийн эхэнд буюу 2021 онд төлөгдөх бонд нь “Мазаалай”.

 

Чингис бондын ханш 102 ам.доллартай тэнцэж байна

 

Хамгийн төлөвлөлтгүй, үр дүнгүй, ёстой л нөгөө юм үзээгүй гэдэг шиг яаруу, сандруу ихээр нь арилжаалсан бондоор “Чингис”-ийг нэрлэдэг. Түүхэндээ анх удаагаа хамгийн их хөрөнгийг олон улсын зах зээлээс босгосон нь 2012 онд байв. 1.5 тэрбум ам.долларыг “Чингис” бондоос босгох ажлыг Н.Алтанхуягийн Засгийн газар гүйцэтгэсэн юм. Хэрэв энэ бондыг босгоогүй бол эдийн засаг хямрахгүй байсан гэж тухайн үед Сангийн сайд Ч.Улаан хэлж байсан нь бий. Гэвч тийм ч хямралын жил байгаагүй гэж эдийн засагчид шүүмжилсээр ирсэн. Засгийн газрынхаа гаргасан энэхүү түүхэн үйл явдлын өр төлбөрийн томоохон хэсгийг буюу нэг тэрбум ам.долларыг бид 2022 онд төлөх учиртай.  Өнөөдрийг хүртэл 4.1-5.1 хувийн хүүгийн төлбөрийг төлсөөр ирсэн, ирэх хоёр жилд төлнө гэдгийг ч мартаж болохгүй. “Чингис” бондын эхний 500 сая ам.долларын төлбөрийг хүүгийн хамт төлөхийн тулд дүү бонд болох “Гэрэгэ”-г гаргасныг дээр дурдсан. Өөрөөр хэлбэл, “Чингис” бонд өр хэвээрээ л байна гэсэн үг.

 

Ах бондуудын төлөөсөнд явсан “Гэрэгэ”

 

Ах нарынхаа өрийг төлөхөөр “Гэрэгэ” бонд 2017 оны аравдугаар сарын 25-нд мэндэлсэн юм. “Гэрэгэ” бондоор олон улсын зах зээлээс 800 сая ам.доллар босгосон. Өчигдрийн байдлаар ханш нь 103.5 ам.доллартай тэнцэж байв. Жилийн 5.6 хувийн хүүтэй 5.5 жилээр эргэлдүүлэхээр арилжаалсан “Гэрэгэ” бондын 800 сая ам.долларыг үлдэгдэл хүүтэй нь хамт 2023 онд төлж дуусгах ёстой. “Гэрэгэ”-ийг гаргаж байх үед хүүгийн хэмжээг “Мазаалай”-тай харьцуулан бараг хоёр дахин багассан гэж магтаж байв. Монголын эдийн засаг таатай цаг үедээ ирлээ гэдгийг “Гэрэгэ”-ийн хүү харуулсан гэж байсан юм. Гэвч баригдаж үлдэх бүтээн байгуулалт биш өмнөх өр төлбөрийг барагдуулахад босгосон мөнгийг нь зарцуулсан нь түүнд тийм ч таатай нэр хүнд авчраагүй.

 

Хамгийн сүүлд “Хуралдай” бондын төлбөрийг төлнө

 

Хүүгийн хэмжээгээрээ “Чингис”-ийн дараа орох буюу 8.75 хувийн хүүтэйгээр олон улсын зах зээлд гарсан “Хуралдай” бондын мөнгөөр Хөгжлийн банкны Евробондын төлбөрийг 2017 онд барагдуулсан юм. 600 сая ам.долларын үнэлгээтэйгээр арилжаалагдсан “Хуралдай” бондын хүүнд хагас жил тутам 60 гаруй тэрбум төгрөгийг төлж байгаа. Эцсийн төлбөрийг нь хамгийн сүүлд буюу 2024 онд хийнэ.

Ийнхүү манай улсын Засгийн газар 2012 оноос хойш нийт долоон удаагийн бонд гаргаснаар зургаан тэрбум орчим ам.долларыг олон улсаас босгосон. Харин эдгээр бондын нийт хүүнд 2024 оны эцэст ойролцоогоор хоёр тэрбум ам.доллар төлсөн байхаар тооцоо гарч байна. Өнөөдрийн байдлаар бидний өмнө тулгамдаад байгаа өрийн хувьд бондуудын үндсэн төлбөр дээр үлдсэн хүү нь нэмэгдээд 3.1 тэрбум ам.долларын үлдэгдэл байгаа юм. Энэ мөнгийг 2021-2024 онд төлнө гэсэн үг.

 

Эх сурвалж: Polit.mn

Shuud.mn
Сонин хачин
Болд:
Тесевее танаачээ.! Тансаглал, гадаадад зугаалдаг зардалаа багасга. Хурэлбаатараа шудраайныхаа цоорхойг ое
2019-12-11
500 саяыг төлчихсөн бгаа... 500 тэрбум биш...
2019-12-11