Я.Санжмятав Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулганд оролцож байна
2019-12-12

 

УИХ-ын Дэд дарга Я.Санжмятав тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо болж буй Байгаль орчин, хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулганы 19 дүгээр Ерөнхий ассамблейд оролцож байна.

 

Энэ сарын 9-12-ны өдрүүдэд  үргэлжлэх Ерөнхий ассамблейд 12 орны нийт 60 гаруй төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд чуулганыг нээж БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Байгаль орчин, хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулганы ерөнхийлөгч Вон Ю Чол үг хэллээ.

 

Тэрбээр хэлсэн үгэндээ, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, шар шороо зэрэг байгаль орчны асуудал нь нэг улс, үндэстний бус дэлхийн бүх орнуудад тулгараад буй нэн даруй шийдвэрлэвэл зохих томоохон асуудал болоод байгааг онцлохын зэрэгцээ уг асуудалтай тэмцэхэд дэлхий нийт, тэр дундаа хууль тогтоох байгууллага харилцан мэдээлэл, туршлагаа солилцох нь нэн чухал болохыг тэмдэглэв.

 

Ерөнхий ассамблейн нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулганы дэд ерөнхийлөгч О.Баасанхүү “Монгол Улсын байгаль орчны өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр илтгэл тавьж, улс орнуудын зүгээс хамтран ажиллах шаардлагатай арга хэмжээний талаар санал бодлоо илэрхийлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, улс орнуудын эдийн засгийн өсөлтийг дэмжих, ядуурлыг бууруулах асуудлыг шийдээгүй цагт байгаль экологийн асуудал, орчны бохирдлыг шийдвэрлэж чадахгүйг онцоллоо.

 

Мөн энэ үеэр УИХ-ын Дэд дарга Я.Санжмятав Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын парламентын төлөөлөгчидтэй уулзаж,  Монгол Улсын говь хээрийн бүсэд цөлжилтөөс үүдэлтэй тоосонцор, шар шороон шуурганы давтамж, үүсэл, хувирал өөрчлөлтөд ажиглалт хийх, шийдлийг олоход судалгааны хамтарсан баг бүрдүүлж, экспедиц зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн.

 

Дашрамд дурдахад,  уг чуулган нь 46 гишүүн оронтой бөгөөд Засгийн газар хоорондын харилцан хүчин чармайлтад бодлого боловсруулалтын болон парламентын түвшинд дэмжлэг үзүүлэх зорилготой аж.

Эх сурвалж: Parliament.mn

Shuud.mn
Сонин хачин