"Тавантолгой түлш" ХХК-ийн үйлдвэрт доголдол гарснаас түлшний хомсдол үүсчээ
2019-12-12
Гэрэл зургийг MPA.mn

 

Сайжруулсан шахмал түлш олдохоо байсан. Улмаар зарим айл өрх өвлийн хүйтэнд даарч хонох болсон тухай мэдээлэл цахим хуудсаар цацагдах боллоо. 

 

Түлшний нөөц хангалттай байгаа бөгөөд “Таван толгой түлш” компани өдөрт 1800-2000 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэж байгаа гэдгийг албаныхан мэдээлж байв. Гэвч тус компанийн үйлдвэрт доголдол үүссэн мөн түлш савлах ажилтан хомс байгаагаас үүдэн зарим шахмал түлш худалдан борлуулах цэгүүдэд түлш дууссан асуудал үүсчээ. 

 

Энэ асуудлыг өчигдөр /2019.12.12/ Нийслэлийн онцгой комиссын 14 дүгээр хурлаар хэлэлцлээ. Нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд “Сайн” картын бүртгэлжүүлэлт 96.2 хувьтай байна. Дүүрэг хороодын Засаг дарга нар хуваарь гаргаж “Сайн” картны хэрэглээнд хяналт тавьж ажиллаж байгаа. Одоогоор түлш борлуулах зарим цэг түлшгүй болсон байна. Сүхбаатар дүүрэгт 12, Чингэлтэй дүүрэгт 13, Баянгол дүүрэгт 3, Сонгинохайрхан дүүрэгт 44 цэг, Хан-Уул дүүрэгт 1 цэг түлш савлах хүнгүйн улмаас түлш борлуулах боломжгүй болоод байна” гэв. Улмаар түлш борлуулах цэгүүд түлшгүй болсон асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай тулгараад буйг онцолсон.

 

Мөн түлшний хомсдол үүсэх өөр нэг шалтгаан нь “Тавантолгой түлш” компанийн үйлдвэр дээр цахилгааны эх үүсвэрээс үүдэлтэй доголдол гарч, жигд горимоор ажиллах боломжгүй байгаа аж. Улмаар түлш борлуулах цэгүүдэд хомсдол үүссэн гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн хэллээ.

 

Харин "Таван толгой түлш" компанийн зүгээс цахилгааны эх үүсвэргүйн улмаас зарим шугамд доголдол үүссэн, одоогоор 11 шугам ажиллаж байгаа, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж борлуулах цэгүүдэд үүссэн түлшний хомсдлыг яаралтай шийдвэрлэхээр ажиллаж байна" гэв. 

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан үйлдвэрийн бүх шугамыг бүрэн ажиллуулж түлш борлуулах цэгүүдийг яаралтай түлшээр хангахыг Тавантолгой түлш компанийн удирдлагад даалгалаа.

 

Иргэдэд долоо хоногт зургаан шуудай шахмал түлш олгох лимит тогтоогдоод байсан. Үүний шалтгааныг "Таван толгой түлш" ХК-ийн зүгээс айл өрхийн түлшний хэрэглээ, хэмжээ, чанар, үнэ тарифын талаарх нэгдсэн мэдээллийн сан үүсгэж цаашдын түлшний бодит хэрэгцээг тогтооно хэмээн тайлбарлаж байсан ч үнэн хэрэгтээ түлш үйлдвэрлэлд доголдол гарснаас түлшний хомсдол үүсэх эрсдэл тулгарсан тул ийн хязгаар тогтоосон бололтой.

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
очиж ажилламаар байна , цалин нь хэд вэ хаана хандах вэ
2019-12-12
ыыы:
Доголдол энэ тэр гэж байхаар бодит үнэнийг нь л хэлэл дээ орчин нөхцөл маш муу дээр нь залуучууд залхуу болсон тул ажиллах хүчний доголдолд орсон ард түмнийг дулаан байлгахын тулд муу муухай бүхнийг үүрч орчин нөхцөлдөө ажиллаж сурсан цахилгаан станцуудаас ажилчид дайчлан ажлуулж ийм зэрэгт барьж байна гээд
2019-12-12
ии:
ЭНЭ үйлдвэрийн орчин нөхцөл маш муу ажиллах хүч байхгүй учир хүнд хатуу ажилд нухлагдаж сурсанаар нь Станцуудаас ажилчид хүчээр гаргаж ариа гэж л ажлуулж байгаа шүү
2019-12-12
Иргэн:
5 Толгойн нунтаг нүүрсийг савлахад хүн ховор олдох нь аргагүй. Хэн ч гэсэн эрүүл мэндээ бодно. Үүнийг хийж үзсэн хүн л мэднэ.
2019-12-12