Есөн настай гоц ухаант хүү их сургуулиа орхижээ
2019-12-12



Эйндховений Техникийн их сургуульд суралцаж байсан Бельгийн есөн настай вундеркинд сургуулиа орхихоор шийдсэн тухай ВВС мэдээллээ. 

 

Гоц ухаантай хүү Лоран Симонсын эцэг эх хүүгээ 12 дугаар сарын 26-наас өмнө сургуулиа төгсөж чадвал 10 нас хүрэхээсээ өмнө их сургуулиа төгссөн анхны төгсөгч болон гэж үзсэний улмаас энэ хугацаандп багтаан хүү нь сургуулиа төгсөхийг хүсч байсан гэнэ.

 

Харин их сургуулийн захиргаа хүү сургуулиа төгсөхийн тулд олон шалгалт өгөх тул төгсөлтийн  хугацааг 2020 оны дунд үе хүртэл сунгах санал тавьжээ. Гэвч хүүгийн эцэг эх энэ саналыг хүлээж авалгүй, хичээлийг нь цуцалсан гэнэ. 


Их сургуулийн мэдэгдэлд "Лоран 12 дугаар сарын сүүл гэхэд их сургуулиа төгсөж чадахгүй. Учир нь ийм богино хугацаанд хичээлийг нарийн ойлгож чадахгүйн дээр бүтээлч чадвар, шүүмжлэлт анализыг хөгжүүлэх боломжгүй. Тэр их сургуулиа хэтэрхий эрт төгсвөл түүний ирээдүйн эрдмийн карьерт сөргөөр нөлөөлнө" хэмээн онцолжээ. 

 

Түүнчлэн хосгүй авьяастай хүүхэддээ эцэг эх нь хэт их дарамт үзүүлж байгаа талаар их сургуулийн захиргаа анхааруулсан байна. 

 

"Яаж  ийм зүйл болсныг бүү мэд"

 

Лоран бусад хүүхдийн адил л нэгдүгээр ангид нэг жил суралцжээ. Гэвч үүнээс хойш гайхалтай зүйлс тохиолдож эхэлсэн бөгөөд ангийнхан нь хоёрдугаар ангийн хөтөлбөр үзэж байхад хүү дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрийг бүрэн эзэмшсэн байна. 

 

Лоран зургаан настайдаа ахлах ангид суралцан, 18 сарын дотор ахлах ангийн хөтөлбөрийг дүүргэжээ. Үүний дараа багахан завсарлага авч, найман настайдаа Эйндховений Техникийн их сургуульд элсэн орсон байна. 

 

Хүүгийн гэр бүл цахилгаан техникийн салбарын зэргийг энэ оны 12 дугаар сар гэхэд хүү авчихна гэж тооцоолж байсан бөгөөд ингэснээр Лоран дэлхийн хамгийн залуу их сургууль төгсөгч болох байв. 

 

ВВС агентлагийн сэтгүүлч хүүгээс энэ олон мэдлэгийг хэрхэн эзэмшдэг талаар асуухад "яаж ийм зүйл болсныг бүү мэд" хэмээн хариулжээ.

 

Лораны дипломын ажил нь нэгэн зэрэг хэдэн мянган нейроныг хэмжин, хянах боломжтой цахилгаан чипийг тархинд суулгахтай холбоотой байсан гэнэ.

 

Одоо Лоран хүү технологи сонирхож байгаа бөгөөд технологи хүний биед хэрхэн дэмжлэг болж болох талаар судалж байгаа аж.

 

Лораны гэр бүлийнхэн эмч тул хүү цаашид анагаах ухааны чиглэлээр суралцан, эрдмийн зэрэг хүртэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Мөн хүний жинхэнэ эд эрхтнийг орлох хиймэл эрхтэн бүтээх хүсэлтэй.

 

"Хүний нас тэр дундаа эмээ өвөөгийнхөө насыг уртасгах нь миний зорилго" хэмээн Лоран ярьжээ. 

 

Гоц ухаант Лораны  IQ 145 бөгөөд ийм үзүүлэлт суутнууд, Нобелийн шагналтнуудад ихэвчлэн тохиолддог аж. 

 

 

Есөн настай хүү их сургуулийн диплом гардана

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин