АВТОБУС №:19: "Шинэ жилийн такс 100 мянга"
2019-12-12

“Аав, ээж нь ирчихгүй байгаа”

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Орой ажил тарах үеэр хүмүүс нэг л тайван, яарч бухимдах нь бага болчихсон мэт санагддаг. Харьж яваа хүмүүс цаанаа л амгалан, аз жаргалтай. Амьдрал амттай, ард олны амьдрал олон өнгөтэй...

 

- Ахаа энэ автобус 21-ын эцэс орох уу?

 

-21-ын эцэс гэж байхгүй. 21 л гэж буудал байгаа.

 

-Аан тийм үү, би интернетээс газрын зураг дээрээс харсан чинь 21-ын эцэс гэж байсан.

 

-Мэдэхгүй, авто сургуулийн буудлыг заасан юм байлгүй.

 

-За баярлалаа ах аа. /Утас дугарав/.

 

-Байна уу хайраа. Хайр нь яг одоо автобусанд суугаад хөдөлж байна. Аахаан, юу хийж байна. Мм тийм үү. Мундаг шүү миний хайр. Яаанаа аав, ээж чинь буцаад хүрээд ирэхгүй байгаа гэж залуу хархүү нуг нуг хийтэл инээх нь хачин аз жаргалтай. Залуугийн халааснаас “алпен голд” шоколад цухуйна.

 

Тэр анх удаа найз бүсгүйнхээ гэрийг зорьж яваа бололтой. Аав, ээжийн эзгүйд бүсгүй дурлалт залуугаа урьсан болж таарав. Өнөөдөр нууцаар зорьж яваа ч өөр нэг өдөр хадаг, сүү болсоор хадам ээж, аавыгаа зорих байхдаа...

 

Залуугийн адил автобус дүүрэн хүмүүс хаа нэг тийшээ хэн нэгнийг зорьж яваа. Ажлын цаг тарах энэ цагт аавууд хүүхэдтэйгээ утсаар ярина. Байна уу, миний хүү /охин/. Аав нь орж явна аа. Юу захих юм, зайрмаг идэж болохгүй ээ миний хүү, ханиадтай байгаа. Ээж нь ямар хоол хийж байна, за аав нь дэлгүүр дотор орохоор залгая аа...Ундаа, сүү өөр юу авах юм гэх мэтээр утасны цаадах “том дарга”-д захиргаадуулна.

 

 “Пабж хак авах гээд 20 мянган төгрөгөө хулхидуулчихсан”

 

Пабж тоглоод ядарсанаа гайхсаар нэгдүгээр хороолол орчмоос автобусанд суусан Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчид бололтой дүрэмт хувцастай хоёр хүүгийн нэг нь таагүй тохиолдлын талаар ярилаа.

 

-Өчигдөр шөнө гурав хүртэл пабж нүдчихсэн чинь өнөөдөр нойр хүрээд хичээл дээр унтаад

 

-Тэгээд хэдэн килл хийгээв.

 

-Өө овоо хэдийг цааш нь харуулсан шүү. Гэхдээ хактай гарууд улам олшироод байна тэ?

 

-Харин тийн. Бүр барахгүй болоод байна аа. Би бүр эхлээд л үхдэг болсон.

 

-Хактай гарууд андашгүй байгаа биз дээ. Аймар өндөр үсрээд л, хаанаас бол хаанаас хараад ганц л буудаж байгаа юм чинь.

 

-Хактай болчихвол алахгүй юу. Би нээрээ нэг хүн хак зарна гэхээр нь сонирхоод чат бичсэн юм. Тэгсэн чинь 20 мянган төгрөг шилжүүлчих, асуудалгүй өгнө гэхээр нь шилжүүлчихсэн чинь мөнгөө авангуутаа намайг блоклочихсон шт.

 

-Ээ хүүрээ. Хайран мөнгө. Тэнэг байх аа чи тийм юманд итгээд байх даа яадаг байна аа.

 

-Гүй ээ яахав дээ, хактай болчихвол яг алах гээд байна шт андаа хэхэ.

 

“Хагассайнд шинэ жилтэй, өмсөх юм байхгүй”

 

Аравдугаар хорооллоос суусан булган шүбтэй бүсгүйчүүд шинэ жилээр юу өмсөх тухай нэлээд ярилаа. “Хагассайнд шинэ жилтэй. Өмсөх, зүүх юм  байхгүй” гэж хажуудах эмэгтэйдээ хэлбэл өнөөх нь өөдөөс нь мөн л үс гэзэг, хумс хуруугаа хэрхэх тухай ам уралдан ярина.

 

-Энэ шинэ жилээр үсээ нээх гоё том томоор буржийлгана аа. Тэгээд бие барьсан плаж өмсөөд, өнгөрсөн жил авсан чокортой хар гутлаа өмсөнө гэж бодоод байна.

 

-Плажаа авсан юм уу.

 

-Үгүй ээ аваагүй. Хороололд нэг аятайхан плаж харсан. 260 мянга гэж байна лээ. Өнөөдөр цалин буувал орно доо. Чи юу өмсөх гэж байна.

 

-Харин ээ, өмсөх юм байхгүй. Яадаг ч юм билээ. Больдог ч юм уу хэхэ

 

-За яршиг ээ, ганц баяртаа оролгүй яадаг юм. Ямар манайхан байнга ууж идээд байх биш. Ганц өдөр гаралгүй яадаг юм. Өнөө Боогий Моогийтойгоо бүжиглэх юм байгаа биз дээ хэхэ

 

-Чишш чимээгүй бай гэж бүсгүй хулгайн нүдээр эргэн тойрноо ажигласнаа болвол тэр л биз, болохгүй бол бас тэр л биз хэхэ хэмээн үл ойлгогдох хариулт хэллээ. Үргэлжлүүлэн нээрээ такс хэд гэлээ?

 

-100 мянга шт. 50-ыг нь байгууллага гаргаад 50-ыг нь өөрсдөө гарга гэсэн.

 

-Бас ч боломжийн юм байна. Модны хоёрын Гранд Хилл-д биз дээ.

 

-Тийм ээ, хагассайнд таван цагт ш дээ. Шинэ жилийн ширээн дээр үсрээд л хүний нэг нэг пиво, цэвэр ус, ганц шил архи л байна биз. Тэнд халаалт аваад л гарна. Харин гараад хаачихаа цаадуултай чинь ярья аа.

 

-Ууж идэх юм ярихаараа бүр баясаад л миний хөгшин хэхэ

 

-За ганц визтэй баяраараа гаралгүй яадаг юм хэхэ.

 

Эгч нар ширүүхэн баярлах төлөвтэй. Их л догдлон хүлээж буй ч бололтой. Энэ хүрээд  ээлжит тэмдэглэл өндөрлөж байна. Ирэх долоо хоногт шинэ сонинтой уулзъя.

 

Нийтлэлч: Түмний нэг

Shuud.mn
Сонин хачин
Uhliin duutai bus
2019-12-13
2 bus
2019-12-13