Энэтхэг: Эмх замбараагүй байдлын улмаас тээврийн салбар гацаанд оров
2019-12-12

 

Энэтхэгийн хэд хэдэн агаарын тээврийн компани олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын улмаас Ассам муж руу нислэг үйлдэхээ түр хугацаанд зогсоож байгаагаа мэдэгдлээ.

 

"Ассам дахь нөхцөл байдалтай холбоотойгоор Гувахати чиглэлийн пүрэв гаригийн нислэгүүд цуцлагдлаа" хэмээн агаарын тээврийн гурван компани мэдэгджээ.

 

Hindustan Times сонины мэдээлснээр Ассамд мөргөлдөөн болсны улмаас Гувахати болон Дибругарх хотуудын хоорондын төмөр замын харилцаа ч мөн түр зогссон байна.

 

Энэтхэгийн Ассам мужийн захиргаа 12 дугаар сарын 11-ний өдөр Гувахати хотод хөл хорих цаг тогтоосны дээр 24 цагийн туршид мужийн 10 бүсэд үүрэн интернетэд холбогдох боломжгүй болгожээ. 

 

Ийнхүү Бангладештэй хил залгаа Ассамд эмх замбараагүй байдал үүсэх болсон шалтгаан нь Энэтхэгийн парламентын доод танхимын батласан иргэншлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт юм. 

 

Энэ өөрчлөлт орсноор Бангладеш, Афганистан болон Пакистанаас шашин шүтлэгийн шалтгаантай дүрвэгчдийг хүлээн авах журмыг хялбаршуулж байгаа нь иргэдийн дургүйцлийг төрүүлжээ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин