Хиймэл оюун ухаан болон автоматчлал банкуудад 70 тэрбумын хэмнэлт авчирна
2019-12-16

Банкууд автоматчлал болон хиймэл оюун ухаан зэрэг технологуудыг ашигласнаар олон тэрбум ам.долларыг хэмнэх боломжтой гэж Accenture-ийн судалгаанд онцолжээ.

 

Судалгаанд дурдсанаар Хойд Америкийн банкууд ажлын байрыг эсвэл ажилтнуудад тусламж үзүүлэх ажиллагааг  автоматчлах технологи ашигласнаар 2025 он гэхэд 70 тэрбум гаруй ам.доллар хэмнэх боломжтой гэнэ. 

 

Банкны үйл ажиллагаа, даатгал, хөрөнгийн зах зээл зэрэг санхүүгийн үйлчилгээний бүхий л салбар дахь хэмнэлт 2025 он гэхэд 87 тэрбумаас 140 тэрбум ам.долларт хүрэх боломжтой гэдгийг судалгаа харуулсан байна.

 

"Олныг хамарсан олон нийтийн болоод технологийн өөрчлөлтүүд нь санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг компаниудын хувьд ихээхэн аюул занал, сорилтыг бий болгож байна. Үүний зэрэгцээ шинэ хөдөлмөрийн нөөц, ажлын шинэ аргууд болон ажлын байрнуудын ачаар ихээхэн ашиг олох боломжийг олгож байгаа юм" хэмээн судалгаанд онцолжээ.

 

Судалгаанд дүгнэснээр, 2025 он гэхэд банкны салбарын нийт ажиллагааны  7-10 хувь нь автоматчлагдан, ингэснээр хөрөнгө мөнгө ихээхэн хэмнэж, үр бүтээмжийг сайжруулах гэнэ.

 

Үйл ажиллагааг автоматжуулах нь цаг хэмнэж, энэхүү хэмнэсэн цагийг илүү бүтээлч ажил, инноваци, үйлчлүүлэгчийн туршлагад зарцуулж болно гэж судлаачид онцолжээ. Чухамхүү эдгээр хүчин зүйлс нь байгууллагын "томоохон үнэт зүйл" гэдгийг мөн цохон тэмдэглэсэн байна.

 

2025 он гэхэд өдгөө зээлийн мэргэжлтнүүд, хувийн санхүүгийн зөвлөхүүд, кассчид болон хэрэглэгчийн албаны төлөөлөгчдийн гүйцэтгэж буй ажлуудын талаас илүү хувь нь автоматчлагдах эсвэл технологийн тусламжтай гүйцэтгэх ажиллагаа давамгайлна гэж судлаачид үзжээ.

 

Дэлхийн томоохон банкууд болох Citigroup, Capital One, JPMorgan Chase хэдийнэ хиймэл оюун ухааныг ажилтнуудад туслах зорилгоор ашиглаад эхэлсэн байна. 

 

Арилжааны банкуудын 97 хувь нь хиймэл оюун ухаан ашигладаг бөгөөд судалгаанд оролцсон банкуудын 51 хувь нь хиймэл оюун ухааныг тодорхой зорилтууд, шийдвэр гаргахад ашигладаг, 27 хувь нь төслүүдэд туршиж байсан бол 19 хуувь нь банканд бүхэлд нь ашиглаж байжээ. 

 

Үүний зэрэгцээ ихэнх банкууд ирээдүйд хиймэл оюун ухааныг үйл ажиллагаандаа өргөн нэвтрүүлнэ гэж хариулсан байна. Тухайлбал судалгаанд оролцогчдын гуравны хоёр нь ирэх 12-18 саруудад хиймэл оюун ухааныг үйл ажиллагаандаа нэвтрүүлнэ гэжээ.

 

Харин зарим оролцогчид хиймэл оюун ухаан үйлчлүүлэгчдэд чанартай үйлчилгээ үзүүлэх мэргэшсэн үйлчилгээг хөгжүүлэх тал дээр туслана гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна.

 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин