Хятадын дипломатуудыг тагнуул хийсэн хэргээр албадан гаргажээ
2019-12-16

 

Тагнуул хийсэн хэрэгт сэжиглэгдсэн, БНХАУ-ын элчин сайдын яамны хоёр ажилтныг АНУ нууцаар албадан гаргасан талаар The New York Times  сонин мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын дипломатууд Виржиния мужийн Норфолк хот дахь Америкийн цэргийн баазын нутаг дэвсгэр рүү нэвтрэхийг завдсан гэнэ. 

 

Энэ үйл явдал өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр болсон бөгөөд тухайн үед Хятадын хоёр дипломат эхнэрүүдийн хамт АНУ-ын зэвсэгт хүчний тусгай ажиллагааны бэлтгэлийн штаб байрладаг объект руу машинтай очсон байна.

 

Саатуулагдсан хойноо дипломатууд "төөрсөн, цэргийнхний зааварчилгааг хэлний бэрхшээлийн улмаас ойлгоогүй" хэмээн мэдүүлжээ. Гэвч тэд объектын хамгаалалтын найдвартай байдлыг шалгах зорилготой байсан гэж The New York Times сонинд мэдээлэл өгсөн эх сурвалжууд өгүүлсэн байна. 

 

Түүгээр ч зогсохгүй хоёр дипломатын нэг нь Хятадын тусгай албаны ажилтан байсан гэнэ. Эх сурвалжийн онцолсноор АНУ БНХАУ-ын дипломатуудыг тагнуул хийсэн хэргээр ийнхүү албадан гарагсан нь сүүлийн 30 гаруй жилийн түүхэн дэх анхны тохиолдол гэнэ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин