БНХАУ Хонконгийн эмх замбараагүй байдалд цэг тавихыг уриалав
2019-12-16

 

Хонконгийн эрх баригчид хагас жилийн өмнөөс энэхүү бүс нутгийг хамарсан хүчирхийлэл, эмх замбараагүй байдалд цэг тавьж, хүн амын нийгмийн асуудлыг шийдэх ёстой хэмээн Хонконгийн захиргааны тэргүүн Кэрри Ламыг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцян хүлээн авч уулзах үеэрээ мэдэгджээ.

 

"Хонконг одоогоор хүндрэлүүдийг даваагүй. Хотын Засгийн газар хүчирхийлэл болон эмх замбараагүй байдалд хуулийн дагуу цэг тавих, эмх журмыг сэргээхэд чиглэгдсэн хүчин чармайлтаа үргэлжлүүлэх ёстой" хэмээн Ли Көцян мэдэгдснийг  South China Morning Post дамжууллаа.

 

Түүнчлэн Хонконгийн нийгэм дэх сөргөлдөөн, асуудлуудыг уг үндсээр нь нарийн судлах, урт хугацааны хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг хангах шаардлагатайг цохон тэмдэглэсэн байна.

 

"Хонконгийн эдийн засагт хямрал үүссэн, олон салбар хүндхэн цохилт амссан. Хот байж боломгүй, ноцтой, хүнд нөхцөлтэй тулгарсан гэж хэлж болно" хэмээн БНХАУ-ын Засгийн газрын тэргүүн мэдэгджээ.

 

Энд дуулгахад, Хонконгийн захиргааны тэргүүн Кэрри Лам зургаан сарын туршид олон нийтийн эсэргүүцлийн давалгаа өрнөсөн, Хятадын тусгай захиргааны дүүрэг дэх нөхцөл байдлыг БНХАУ-ын төв засгийн газарт тайлагнахаар Бээжинд ажиллаж байгаа юм байна. 

 

Эргэн сануулахад, хууль зөрчсөн этгээдүүдийг эх газрын Хятад руу шилжүүлэх тухай хуулийн төслийг эсэргүүцэн  өнгөрсөн зуны эхнээс Хонконгод эсэргүүцлийн давалгаа үүссэн юм. Эсэргүүцэл дагуулсан хуулийн төслийг эргүүлэн татсан ч залуусаас бүрдсэн сөрөг хүчнийг дэмжигчид Засгийн газрын эсрэг жагссан хэвээр байгаа. Зарим тохиолдолд эдгээр жагсаал нь хүчирхийлэл, эмх замбараагүй байдлаар үргэлжилж байгаа юм.

 

 

БНХАУ: Хонконгийн тогтвортой байдлыг

сүйтгэж байгаа этгээдүүдийг тэвчихгүй

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин