БНХАУ: Оны эцэс гэхэд 10 сая хүнийг ядуурлаас гаргана

БНХАУ 2019 оны эцэс гэхэд 10 сая хүнийг ядуурлаас гаргахаар төлөвлөсөн гэж Синхуа агентлаг мэдээллээ.
Хятадын ядуу иргэдийн 95 хувийг, орон нутагт амьдарч буй ядуу иргэдийн 90 хувийг ядуурлаас нь гаргана гэж БНХАУ-ын Ядууралтай тэмцэх, хөгжлийн газрын захирал Лю Юнфу мэдэгдсэн байна.
Түүний өгүүлснээр эрх баригчдын гарагсан хүчин чармайлтын ачаар 2020 онд ядуурлыг бүрэн ялахаар төлөвлөсөн гэнэ. Дараагийн ээлжинд ядуурал илүү их байгаа бүс нутгуудад ядууралтай хийх тэмцлийг үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.
Ядууралтай тэмцэх кампанит ажил нь Засгийн газрын үүрэг төдийгүй Хятадын нийгмийн зорилт гэдгийг онцлоод энэ ажилд оролцохыг олон нийтийн байгууллагуудад уриалжээ.
Ядууралтай хийх Хятад маягийн тэмцэл
БНХАУ үүсгэн байгуулагдснаас хойш Хятадын орон нутгуудад ядуурал олон жилийн туршид ихээхэн тархсан байв. Тухайн үеийн хэмжүүрээр, 1978 оны сүүл гэхэд хөдөөний 770 сая орчим оршин суугч буюу хүн амын 97,5 хувь нь нэн ядуу амьдарч байжээ.
Шинэчлэлт, ил тод байдлын бодлогын хүрээнд 1978 онд Хятад улс хүн төрөлхтний түүхэнд байгаагүй, ядууралтай тэмцэх дайн зарлан, ядуурлыг бууруулах дунд болон урт хугацаат арга хэмжээ хэрэгжүүлж эхэлсэн байна.
Энэ тэмцлийн хүрээнд хөдөөний оршин суугчдын орлого тогтвортой өсч, ядуурал эрс буурч байгаа нь ажиглагджээ. Дэлхийн банкны тооцоолсноор сүүлийн 40 жилийн хугацаанд Хятад улс 850 сая хүнийг ядуурлаас гаргасан нь дэлхийн нийт үзүүлэлтийн 70 хувийг эзлэж байгаа юм. Тиймдээ ч Хятад улс ядуурлаас гарагсан хүний тоогоор дэлхийд тэргүүлж байна.
Өнгөрсөн онд Хятад улс ядуурлыг устгах гурван жилийн хугацаат кампанит ажил эхлүүлсэн бөгөөд энэ хүрээнд 2019 онд 13,86 сая хүнийг ядуурлаас гаргана гэж Төрийн зөвлөл мэдэгдэж байв.
Урд хөрш амьжиргааны түвшин доогуур бүс нутгуудад цахилгаан хэрэгслийн худалдаа, нарны эрчим хүчний үйлдвэрлэл, орон нутгийн аялал жуулчлал гэсэн салбаруудыг эрчимтэй хөгжүүлж эхэлсэн байна. 2018 онд 200 мянга орчим орон нутгийн замыг барьж, засварлан, ядуу бүс нутгуудын эрчим хүчний системийг шинэчилжээ. Интернетэд холбогдох өргөн зурвасын сүлжээг ядуу буурай тосгодын 94 хувьд нь нэвтрүүлжээ.
"Бид ядуурлыг бууруулах зорилгодоо хүрэхээр тэмүүлэх ёстой. 2020 он гэхэд ядуурлыг түүх болгон үлдээх нь ард түмнийхээ өмнө өгсөн нам, засгийн газрын амлалт. Бид өдгөө байгаа бүхий л стратегиа хэрэгжүүлж, хүрсэн дэвшилтээ бэхжүүлэх замаар энэхүү үүргээ биелүүлэх ёстой" хэмээн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцян мэдэгдэж байлаа.
Хүнс, хувцас, боловсрол, эмнэлгийн анхан шатны үйлчилгээ авах, орон сууцны хэрэгцээ гэсэн ядууст тулгардаг хэрэгцээг өрх бүрийн түвшинд шийдвэрлэнэ хэмээн тэрбээр мэдэгдэж байлаа.
Мөн ядуурлыг үндсээр нь шийдвэрлэх зорилгоор албан тушаалтнууд болон Засгийн газрын бүрэлдэхүүний боловсон хүчин "хэнд туслах вэ?", "хэн тусалж байна?", "хэрхэн тусалж байна?" гэсэн гурван асуултыг өмнөө тавин ажилладаг гэнэ. Эдгээр асуултуудад хариулт авахын тулд ажлын хэсгүүд ядуу амьдарч буй өрхүүдийг судлах, ядуурлын шалтгааныг тогтоох зорилгоор орон нутагт ажилладаг аж.
Одоогийн байдлаар 2,78 сая төрийн албан хаагч 459 мянган албан тушаалтан энэ бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор ядууралтай тэмцэх чиглэлд ажилладаг гэнэ. Түүнчлэн аж үйлдвэрийн онцгой салбаруудыг бий болгон, шилжилт хөдөлгөөнийг дэмжин, экологийн нөхөн сэргээлтийг эрчимжүүлж, боловсролыг хөгжүүлэн, нийгмийн хангамжийг сайжруулахын дээр бодит дэмжлэг шаардлагатай хүн амд зориулан зорилтот болон ялгаатай арга хэмжээ авч хэрэгжүүлдэг юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ