Хар тамхины төлөө хамгийн ХАТУУ шийтгэл ноогдуулдаг орнууд 
2019-12-18

Манай улсад олны танил эрхмүүд, нөлөө бүхий улс төрчдийн хүүхдүүд гээд ихэвчлэн хөрөнгө чинээтэй хүмүүс хар тамхины хэрэгт холбогдон, зарим нь ял шийтгэлээ эдлээд гарах бол нөгөө хэсгийнх нь хэрэг тэгсгээд мартагдах тохиолдол нэг бус удаа гарч байв. Өчигдөр гэхэд л хар тамхи хэрэглэж байгаад баригдан, хоёр жилийн хорих ялаар шийтгүүлсэн дуучин Амархүүгийн ялыг хүчингүй болгосон нь олны анхаарлыг татав.

Цагаан тахал гэгддэг хар тамхитай тэмцэх тал дээр дэлхий нийт хатуу бодлого барьж байхад манай улс оноосон хоёрхон жилийн ялаа цуцалсан нь зөв буруу эсэхийг энд шүүх гэсэнгүй. Харин дэлхийн улс орнууд хүн төрөлхтнийг хөнөөж мэдэх энэ тахалтай хэрхэн тэмцэж, иргэдээ хамгаалж, энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоохын тулд ямар шийтгэл ноогдуулдаг талаар түүвэрлэн хүргэж байна. 


Хамгийн хүнд шийтгэл Хятадынх 


Хятад улс хар тамхитай тэмцэх тал дээр нэн хатуу гэдгийг бараг хүн бүр мэднэ. Хоёр зууны туршид цагаан тахалтай тэмцэж буй энэ улсад хар тамхитай холбогдсон этгээдүүдэд хамгийн хатуу шийтгэл ноогдуулдаг. 
Хар тамхины бодис худалдах, хадгалахтай холбоотой гэмт хэрэгт ялын дээд хэмжээ буюу цаазын ял оноодог байна. 


Хар тамхитай холбоотой хэргээр Хятадад хичнээн хүн цаазлуулсан талаарх мэдээлэл тодорхойгүй, учир нь Хятадын эрх баригчид энэ төрлийн мэдээллийг тэр бүр олонд дэлгэдэггүй. Харин жил бүр 5000 гаруй хүн буудан хороох ял авдаг гэсэн мэдээлэл бий. Тэдгээрийн дунд эдийн засгийн гэмт хэрэг, хүний амь хөнөөсөн, мөн авлигын хэрэгт буруутгагдсан хүмүүс ч багтдаг юм. 


Сүүлийн таван жилийн хугацаанд Хятадад хагас сая гаруй хүн хар тамхитай холбоотойгоор эрүүгийн хариуцлагад татагдсан бол тус улсад байгаа хар тамхичдын тоо дөрвөн сая, тэдгээрээс 1,5 саяыг хар тамхины хамаарлаас эмчлэх албадан эмчилгээнд хамруулжээ. 


Хятадын эрх баригчид нутгийнхаа хар тамхичдад төдийгүй хар тамхитай холбогдсон гадаадын иргэдэд ч хайр найргүй ханддаг. Хэн нэгнийг өршөөнө гэж энд үгүй. Жишээлэхэд, энэ онд Өмнөд Солонгосын хэд хэдэн иргэн хар тамхитай холбоотойгоор цаазын ял сонссон бөгөөд БНСУ-ын эрх баригчид иргэдийг нь “өршөөх” хүсэлт нэг бус удаа гаргасан ч ялыг хэвээр үлдээсэн юм. 


Хятадад хамгийн “хөнгөн” гэж тооцогддог төрлүүд, тэр дундаа марихуан ч хэрэглэж, хадгалах, худалдахыг хуулиар хориглодог. Хар тамхины наймаачид хүмүүсийг аажмаар хөнөөдөг тул хар тамхийг түгээж байгаа хэн бүхэнд Хятад ганцхан шийтгэл ноогдуулна, тэр нь ҮХЭЛ. 


Иран, Ирак


Хар тамхи түгээсний төлөө цаазын ял оноосон тоогоороо Иран улс Хятадын араас хоёрдугаарт бичигддэг. Афганистантай ойр оршдог, тэндээс их хэмжээний хар тамхи орж ирдэг тул Иран улсад хар тамхины хэрэглээ ихээхэн тархсан байдаг аж. 


Энэ улсын хуулиар 30 грамм кокаин эсвэл героин хадгалсан бол ялын дээд хэмжээ авч мэднэ. Жил бүр Иранд 600-700 хүнийг олны өмнө цаазалдаг гэх бөгөөд тэдний дунд гадаадын иргэд олон байдаг гэнэ. 


Харин Иракт нөхцөл байдал огт өөр. Ердөө 10 жилийн өмнө энэ улсад хар тамхи түгээсний төлөө цаазын ял оноодог байв. Харин өнөөдөр хар тамхины худалдаа цэцэглэж, хотуудын гудамжинд шахуу ил задгай хар тамхи худалдах болсны дээр ядуус ч авч болохоор хямд үнээр зардаг болжээ. 


Энэтхэг 


Энэтхэг бол Ази дахь хууль бус олсны ургамал үйлдвэрлэгчдийн нэг. Түүнчлэн олсны ургамал энэ улсад ариун ургамалд тооцогдон, шашны зан үйлийн үеэр хэрэглэдэг нь энэ төрлийн бүтээгдэхүүнтэй хийх тэмцэлд ихээхэн саад учруулдаг байна. 


Энэтхэгт 1985 онд аливаа төрлийн хар тамхины бодисыг хэрэглэх, түгээх, нийлүүлэхийг хориглосон хууль батлагдан, 2001 онд хар тамхитай холбоотой хэргийг тусгай шүүхээр оруулах нэмэлт өөрчлөлт оруулжээ. 


Энэ улсад хар тамхитай холбоотой хэрэгт ноогдуулах эрүүгийн хариуцлага нь сэжигтнээс илэрсэн хориотой бодисын хэмжээнээс хамааралтай байдаг. Хамгийн бага хэмжээгээр илэрсэн бол хагас жил хүртэлх хугацаагаар хорих, бага хэмжээнээс хэтэрсэн бол 10 болон түүнээс дээш жил, анх удаа гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял 20 жилээс хэтрэхгүй, давтан үйлдсэн бол 30 хүртэлх жилээр хорих эсвэл цаазын ял оноодог байна. 


Хар тамхитай хийх тэмцлийг нэмэгдүүлэх үүднээс хар тамхины хамааралтай хүмүүсийг эмчлэхэд ихээхэн хөрөнгө зарцуулахын дээр ялангуяа сургуульд хамрагдаагүй хүүхэд, өсвөр насныхныг хар тамхины хэрэглээнээс хамгаалах кампанит ажил явагддаг аж. 


Сингапур 


Хар тамхины нийлүүлэлтийн гол замууд огтлолцдог “алтан гурвалжин”-ийн төв байдаг гэдгээрээ Сингапурт хар тамхины асуудал хурцаар тавигддаг. 


Тиймдээ ч хар тамхитай холбоотой хэрэгт ноогдуулах шийтгэл хатуу бөгөөд 15 гр героин, 30грамм морфин, 0,5 кг марихуан гэсэн хэмжээнээс дээш хэмжээгээр хориотой бодис хадгалсан бол цаазын ял оноодог байна. Харин энэ хэмжээнээс бага хэмжээгээр илэрсэн бол 20 хүртэлх жилийн ял оноодог гэнэ. 


Хэргийг шийдэхдээ хөнгөвчлөх нөхцлийг огт харгалздаггүй. Нас, хүйс, иргэншил ч хамаагүй бөгөөд гадаадын иргэд Сингапурын иргэдтэй адил шийтгэл хүлээх бөгөөд цаазын ял сонссон гэмт хэрэгтнүүдийн гуравны нэг нь гадаадын иргэд байжээ. 


Шри-Ланк


Энэ улсыг хар тамхины наймаачид тээврийн зангилаа болгон ашигладаг тул сүүлийн жилүүдэд энэ улсын хилээр дамжих героин, кокаины хэмжээ эрс нэмэгджээ. 


Шри-Ланкийн хуулиар хар тамхины хууль бус наймаатай холбоотой гэмт хэрэгт ялын дээд хэмжээ ноогдуулах бөгөөд энэ талаарх сануулгыг бүхий л нисэх буудлууддаа байрлуулсан байдаг гэнэ. 


Хамгийн сүүлд энэ улсад 40 жилийн өмнө цаазын ял гүйцэтгэсэн,  одоо 400 гаруй гэмт хэрэгтэн цаазын ял гүйцэтгэлийг хүлээн шоронд хоригдож байгаа аж. 


Өмнөд болон Хойд Солонгос 


Хойд Солонгост хар тамхитай холбогдвол ялын дээд хэмжээ авна. Харин олсны ургамал энэ хорионд хамаагүй. Хойд Солонгост марихуаныг соёл гэж хүлээн зөвшөөрсөн бөгөөд ашиглахад ямар ч хязгаарлалт байхгүй. Бусад төрлийн хар тамхитай “орооцолдвол” ялын дээд хэмжээ авна. 


Харин Өмнөд Солонгост марихуаныг бусад хар тамхины төрөлтэй адилтган үзнэ. Энэ улсад хар тамхины хэрэглээний түвшин нэг их өндөр биш, харин хар тамхины бодистой холбоотой аливаа үйлдэлд олон жилийн хорих ял оноодог байна. 


Хар тамхитай холбогдсон бүхнийг хатуу шийтгэдэг бусад орнууд 


Хар тамхины хууль бус хэрэглээтэй холбоотой гэмт хэрэгт ялын дээд хэмжээ өгдөг 20 гаруй орон бий. 
Пакистан, Лаос, Малайз, Тайланд, Саудын Араб, Египет, Турк, Бруней, Бангладеш, Вьетнам, Индонез зэрэг улсуудад хар тамхитай холбогдсон бол бүх насаар нь хорих, зарим тохиолдолд цаазаар авах ял оноодог байна. 


Тэр дундаа Саудын Араб улсад энэ улс руу хууль бусаар хар тамхи нэвтрүүлсэн бол олны өмнө цаазалдаг хуультай гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Болд:
Хуультай ч юм шиг хуульгуй орон дэлхийд ганц Монгол улс.
2019-12-18
Монголд цаазалдаг бол дуучин гавьъадууд дарга нарын хүүхдүүд бүгд цаазалуулсан байгаа даа
2019-12-18
Manaid dahin davtan har tamhi hadgalsan hergelsen bailaa ch 2 jil ogood davj zaaldanguut ni tensen hargalzah yal bolgodog. Hamgiin haramsaltai ni jiriin 1 irgen bol yalaa uurne olnii tanil bol uurehgui gaj togtoltsootoi
2019-12-18
Huz:
Hyatad shuugchtei bolj har tamhichid Mon avilgatai hatuu temtseh bjdee
2019-12-18
Зочин:
Манай улс Хятад улс -шиг "ЦААЗЫН ЯЛЫГ "сэргээж АВИЛГАЛ,төрөөс мөнгө завшсан ноходуудыг ШУУД ЦААЗАЛВАЛ -монгол улс цэцэглэн хөгжих нь дамжиггүй шүү дээ,улс эх орон маань мөнч гоё цвэршинэ дээ ,тэр сайхан цаг хэзээ ирэх юм болдоо чааваас гэж .
2019-12-18
Od:
Manaih oodrog ym buhnii esreg uruugaa yvdag bolohoor har tamhi ni ontsiin hor honoolhui bayn targan humuusiin hereglee gej uzdeg ym bn. Arai l ALTANGADS odongoor shagnah ni holgui baih shiv dee.
2019-12-18