Дэлхийн хамгийн нөлөө бүхий 10 орон
2019-12-19

U.S.News хэвлэл 2019 оны байдлаарх дэлхийн хамгийн нөлөө бүхий орнуудын жагсаалтыг гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Дэлхийн хамгийн хүчирхэг орнуудын жагсаалтыг гаргажээ

Эдийн засаг, улс төрийн тавцан дахь нөлөөлөл, цэргийн хүчин чадал, дэлхийд тэргүүлэх байдал, олон улсын эвсэлд оролцох оролцоо зэргээр нь дүгнэн гаргасан энэ жагсаалтыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 

1. АНУ

АНУ бол дэлхийн тэргүүлэгч эдийн засаг бүхий өндөр хөгжилтэй орон. Тиймдээ ч энэ жагсаалтыг тэргүүлсэн байна. 


Энэ улсын хүн ам дэлхийн нийт хүн амын 4,3 хувийг эзэлдэг ч дэлхийн нийт баялгийн 40 хувь нь америкчуудад ноогддог аж. 


АНУ дундаж цалин, ДНБ, хөдөлмөрийн үр бүтээмж зэрэг эдийн засаг болоод нийгмийн олон үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг. 


Америкийн эдийн засагт үйлчилгээ, мэдлэгийн эдийн засаг давамгайлах бөгөөд энэ улсын үйлдвэрлэлийн салбар дэлхийд хоёрт бичигдсэн хэвээр байна. 


Мөн энэ улсын эдийн засаг дэлхийн ДНБ-ийн дөрөвний нэг орчим хувийг бүрдүүлэхийн дээр дэлхий даяарх цэргийн зардлын гуравны нэг нь АНУ-д ноогддог гэдгээрээ энэ улсыг эдийн засаг, цэргийн хүчирхэг гүрэн болгож байгаа юм. 


Түүнчлэн АНУ улс төр болоод соёлын нөлөөлөл ихтэй, мөн шинжлэх ухааны судалгаа, технологийн инновацийн салбарт тэргүүлэгч бөгөөд одоогоор дэлхийн цорын ганц супер гүрэн хэмээн тооцогдож байна. 


2. ОХУ

Цөмийн гүрэн болох Орос улс дэлхийн тэргүүлэгч аж үйлдвэр, сансрын гүрнүүдийн нэг бөгөөд дэлхийн хамгийн нөлөө бүхий орнуудын жагсаалтад хоёрдугаарт бичигджээ. Орчин үеийн агуу гүрнүүдийн нэгд тооцогддог Орос улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн юм. 


3. БНХАУ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, эдийн засгийн их гүрэн болох БНХАУ дэлхийн хамгийн нөлөө бүхий орнуудын жагсаалтад гуравдугаарт бичигджээ. Цөмийн зэвсэгтэй, сансрын тэргүүлэгч гүрнүүдийн нэг болох Хятад улс цэргийн алба хаагчдын тоогоороо дэлхийн хамгийн том армитай улсад тооцогддог. 


Нэрлэсэн ДНБ-ээрээ Хятадын эдийн засаг дэлхийд хоёрт ордог бол автомашины үйлдвэрлэл зэрэг аж үйлдвэрийн бүтээгдэхүүний төрлүүдийн тоогоор дэлхийн тэргүүлэгч орон юм. 


Мөн дэлхийн томоохон экспортлогч бөгөөд алт валютын нөөцөөрөө тэргүүлэгч эгнээнд багтдаг байна. 


4. Герман

Аж үйлдвэр, технологийн салбарт дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг болох энэ улс бараа бүтээгдэхүүний экспорт болон импортын хэмжээгээр дэлхийд гуравдугаарт бичигддэг. 


Амьдралын түвшин маш өндөр гэдгээрээ алдартай энэ улс нийгмийн хангамж, эрүүл мэндийн төгс систем, байгаль орчны хамгаалал, үнэ төлбөргүй боловсроллын системээрээ алдартай. 


Герман улс Европын холбоог үүсгэн байгуулагч орнуудын нэг бөгөөд НАТО-ийн гишүүн, Их Долоогийн тоонд багтдаг. Мөн энэ улсыг зорьсон цагаачдынхаа тоогоор АНУ-ын дараа хоёрдугаарт бичигддэг байна.

 
5. Их Британи

1952 оноос эхлэн цөмийн гүрэн хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн, Европын томоохон улс орнуудын нэг Их Британи улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн бөгөөд Британийн вант улс өдгөө 15 тусгаар улс болон хамтын нөхөрлөлийн орнуудын тэргүүн юм. 


Энэ улсын албан ёсны хэл болох англи хэл дэлхийн олон оронд хоёр дахь хэл болсны дээр цахим ертөнц, бусад олон улсын харилцаанд давамгайлж байна. 


Их Британийн эдийн засаг хөгжлөөрөө дэлхийд есдүгээрт орох бол цэргийн төсөв нь дэлхийн хамгийн өндөр орнуудын нэг юм. 


6. Франц

НАТО-ийн гишүүн, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүний нэг Франц улс мөн л цөмийн гүрэнд тооцогдог. 1950-иад оноос Европын холбоог байгуулалцахад оролцсон орнуудын нэг болсон юм. 


Өдгөө Франц улс дэлхийн улс төрийн тавцан дахь гол тоглогчдын нэг бөгөөд тиймдээ ч энэ улсыг өнөө цагийн агуу гүрэн гэж нэрлэж болно. 


Францад ЮНЕСКО, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Интерпол зэрэг олон улсын байгууллагуудын төв байр байрладаг. 


7. Япон


Эдийн засгийн агуу гүрэн болох Япон улс нэрлэсэн ДНБ-ээрээ дэлхийд гуравдугаарт, экспортын хэмжээгээр дөрөвдүгээрт харин импортын хэмжээгээр зургаадугаарт ордог. 


Хүний боломжийн хөгжлийн индексээр дэлхийд 17-д жагсдаг энэ улсад амьдралын түвшин маш өндөр хөгжсөн. Энэ улсын дундаж наслалт маш өндөр, харин нярайн эндэгдэл хамгийн бага үзүүлэлттэй байдаг гэнэ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн болох Япон улс “Их 7”-д багтдагийн дээр албан ёсоор дайн зарлах эрхээсээ татгалзсан ч энхийг сахиулах ажиллагаа зэрэгт оролцдог зэвсэгт хүчинтэй. 


8. Израиль

Дэлхийн 158 оронтой дипломат харилцаатай Израиль улсын хамгийн ойрын холбоотнууд нь АНУ, Их Британи, Герман, Энэтхэг улс юм. 


Израиль улс Баруун Өмнөд Азидаа эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжлөөрөө хамгийн өндөр хөгжилтэй оронд тооцогддог. Мөн усны нөөц хамгаалах, геотермаль эрчим хүчний хамгааллын технологиор дэлхийд тэргүүлдэг байна. 

 

Энэ улсын программ хангамж, теле харилцаа, байгалийн шинжлэх ухааны дэвшилтэт технологи дэлхийд алдартай. 


9. Саудын Араб


Газрын тосны асар их нөөцөөрөө ОПЕК-ийн гол улс болсон Саудын Араб дэлхийн хамгийн нөлөө бүхий улсуудын тоонд зүй ёсоор багтдаг. 


Саудын Арабын гадаад бодлого нь исламын улс орнууд болон газрын тос экспортлогч орнуудын дунд Арабын хойг дээр улсынхаа гол байр суурийг хадгалахад чиглэгдсэн байдаг аж. 


Энэ улсын эдийн засаг нь газрын тосны салбарт суурилагдах бөгөөд энэ салбар нь Саудын Арабын ДНБ-ий 45 хувь, төсвийн орлогын 75 хувь, экспортын 90 хувийг бүрдүүлдэг. 


10. Өмнөд Солонгос 

Нэг хүн амд ноогдох орлогын түвшин өндөртэй БНСУ-ын эдийн засгийн өндөр хөгжилтэй оронд тооцдог. Энэ улсын эдийн засгийн өсөлтөд дэлхий даяар эрэлт ихтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг томоохон корпорациуд чухал үүрэг гүйцэтгэдэг байна.


Өмнөд Солонгос дэлхийн 188 оронтой дипломат харилцаатай, 112 оронд байнгын элчин сайдын яам, 42 оронд консулын хэлтэс, дөрвөн газарт төлөөлөгчийн газраа ажиллуулдаг. 

 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин
Оросын тухай цөмийн зэвсэгтэй тэрийгээ хэрэглэж магадгүй мэдрэл ерөнхийлөгчтэй гэхээс ондоо бичих юм байдаггүйэ.
2019-12-21